Йонбен дахь цөмийн цогцолборт хяналтын шинжээчдийг оруулахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-28 12:29:32

МОСКВА./ТАСС/. Йонбен дахь цөмийн цогцолборыг хаах үйл явцыг шалгуулахын тулд тэнд олон улсын хяналтын шинжээчдийг нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өнгөрсөн 9 дүгээр сард уулзах үеэрээ энэ талаар мэдэгджээ.


“АНУ зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлвэл Йонбен дахь цөмийн цогцолбороо хаагаад зогсохгүй хяналтын шинжээчдийг тус газарт нэвтрэн оруулахад бэлэн байгаа гэдгээ Умард Солонгосын удирдагч мэдэгдсэн” хэмээн эх сурвалж мэдээлжээ.


Умард Солонгосын Йонбен дахь цөмийн туршилтын реакторын үйл ажиллагааг манай байгууллага шалгасаар байгаа гэж МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал Юкия Амано энэ сарын 22-нд хэлсэн байна.


Өнгөрсөн 9 дүгээр сарын 19-нд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд талууд тунхаг бичиг баталсан юм. Энэхүү тунхагт Йонбен дахь цөмийн объектуудыг татан буулгах нэмэлт арга хэмжээнүүдийг Умард Солонгос авч хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг дурдсан байна.


Үүнээс хойш тодорхой өөрчлөлт ажиглагдсаар байгаа гэж Амано нэмж хэлжээ.  

Холбоотой мэдээ