Мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж 11 хувьд хүргэх шийдвэр гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-27 16:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Монголбанкны Бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргав. Энэ тухай  Мөнгөний бодлогын хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярихдаа, "2016 онд  эдийн засгийн өсөлт саарч, дифляцид хүрээд байсан үед бид ажлаа хүлээн авч байсан. Харин одоо эдийн засаг сайжирч, нийгмийн үзүүлэлтүүд эерэг гарч байна. Энэ оны 3 дугаар улирлын тоон үзүүлэлтээр  эдийн засаг 6,7 хувийн өсөлт үзүүлж, зээлийн хүү 21 хувиас 17 хувь руу буурч,  ажилгүйдлийн түвшин  11-6 хувь  болсон гээд эдийн засагт гэрэл гэгээтэй үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ гадаад хүчин зүйлээс шалтгаалан эдийн засагт эрсдлүүд гарч байгаа учир 12 дугаар сард хуралдах байсан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь хөгжиж буй улс орнуудын зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Тиймээс Зүүн өмнөд Азийн улс орнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ нь гадаад валютын ханшийг барих, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй” хэмээв.

Тэрээр бодлогын хүүг өсгөх нь зээлийн хүүнд ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад,  "Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэнэ. Монголбанкны Бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөхөд  зээлийн хүү 0,3 хувиар өснө. Гэхдээ бодлогын хүүг нэмснээр үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах хөшүүрэг болно" хэмээн тодотгосон юм.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци энэ оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгааг албаныхан онцолж байв.

Холбоотой мэдээ