Хятадын тал шинэ технологи нэвтрүүлж буйтай холбоотой нүүрс тээвэрлэлтэд дараалал үүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын талаас нүүрс татан авалт сүүлийн өдрүүдэд буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсчээ.
Үүнтэй холбогдуулан ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдон ажиллаж буй ажлын хэсгийн хэлж байгаагаар өмнөд хөршийн хил, гааль "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн мэдээллийг шивж оруулахад хугацаа их зарцуулж байгаа нь дээрх хүндрэлийг учруулж байгааг Хятадын талаас мэдээлжээ.
Тиймээс Хятадын тал программ хэвийн болох хүртэл нэг машиныг ойролцоогоор 30-40 минутад бүртгэн хилээр гаргахаар ажлын хэсэгтэй тохиролцсон байна. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм.
Өнөөдөр Монголын хилээр 83 нүүрс тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд зогсоод байсан юм. Дээрх тохиролцоонд хүрснээр зогсоод байсан тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд орох боллоо.
Нүүрс тээврийн дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч ААН-үүдэд өгчээ.
Мөн тус ажлын хэсгийнхэн урт цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замаар 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна.
Ингэснээр урсгал сөрж, аваар осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шуурхай зохицуулалт хийж байгаа юм.
Дашрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй
тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний
төв ТӨҮГ-аас хил нэвтрэх "С" төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд
олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл
уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Хил нэвтрэх "С" зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийсэн нь цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.
Гэрэл зургийг: Б.Чадраабал