Ян Жиэчи: Си Жиньпин Д.Трамп нарын уулзалт чухал ач холбогдолтой

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-10 21:43:58

​Бээжин /МОНЦАМЭ/. Хятад Комунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төв хорооны дарга Ян Жиэчи АНУ-ын нийслэл Вашингтон хотод Хятад, Америкийн дипломат аюулгүй байдлын хоёрдугаар удаагийн хэлэлцээрийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. ​Тэрээр хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентин улсад болох Их-20 уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалт маш чухал. Талууд харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, нягт хамтран ажиллаж энэхүү чухал уулзалтыг үр дүнтэй явуулахын тулд сайтар бэлтгэх ёстой. Хятад, Америк улс нь дэлхийд нэг, хоёрдугаарт орох томоохон эдийн засагтай. Талуудад томоохон хэмжээний нэгдмэл эрх ашиг болон хамтран ажиллах орон зай байна. Хоёр улс одоогоор зарим нэг салбарт маргаантай, санал нийлэхгүй асуудлууд байсаар байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосон 40 жилийн хугацаанд олон саад бэрхшээлтэй тулгарсаар ирсэн ч ерөнхийд нь авч үзвэл хоёр орны харилцаа тасралтгүй хөгжсөөр байна. Хоёр орны хамтын ажиллагаа нь цорын ганц зөв сонголт болохыг түүх болон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Хамтаар хожих зарчмын үндсэн дээр бид сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэх болно. Элдэв янзын асуудал тулгарч, хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн олон улсын харилцаанд хоёр орны төрийн тэргүүн нарын санал нэгдсэн асуудлуудын дагуу хоёр орны ард түмний болон дэлхий дахины эрх ашгийн үүднээс харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, маргааныг зөв зохистойгоор шийдвэрлэж, хоёр орны тогтвортой хөгжлийг хангах ёстой” гэв. ​Тэрээр эдийн засгийн талаар хэлэхдээ “Хоёр орны эдийн засгийн бүтэц, аж үйлдвэрийн хувиарлалт зэрэг нь харилцан адилгүй учир талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар оновчтой шийдвэрлэх ёстой. Хятад талын яриа хэлэлцээний үүд хаалга үргэлж нээлттэй байсаар ирсэн. Талууд эрх тэгш зарчмын дор асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. ​Хоёр орны төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтаар үүсээд буй Худалдааны дайны асуудлыг нааштай шийдвэрлэх хүлээлт олон улсын тавцанд үүсээд байгаа юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ