Нийтийн тээврийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгаа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 20:17:44


  Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Улаангом хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг орон нутгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани хариуцан ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ОНХГ-аас жилд дунджаар 48 сая төгрөг олгодог аж. Иймээс Улаангом сумын ЗДТГ, ИТХ-аас хамтарсан ажлын хэсэг  гарч Улаангом хот доторх нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавих, иргэдийн санал хүсэлтийг сонсох, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг зохион байгуулж байна. 

“Нийтийн тээврийн үйлчилгээ нь иргэдийн тав тухтай зорчих байдлыг бүрдүүлэн, эрүүл ахуй болоод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангасан, тодорхой маршрут, цагийн хуваарийн дагуу үйлчлэх ёстой. Ингэж байж сая иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээг авах юм. Харин Улаангом хотын нийтийн тээврийн үйлчилгээний хувьд энэхүү стандартыг 100 хувь хангах тал дээр учир дутагдалтай зүйлс цөөнгүй байдаг бөгөөд үүнийг тодорхой хэмжээнд бууруулахын төлөө анхаарч ажиллаж байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Улаангом хотын нийтийн тээврийн үйлчилгээг илүү сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, 2019 оны төсвийн төсөлд тусгах асуудлаа тодорхойлох зорилгоор иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг мөн авч байгаа аж. Тухайлбал, иргэд автобусны үйлчилгээ цаг барих тал дээр хэр байдаг, суудлын хүрэлцээ хангамж, автобусны маршрутын зөв чиглэл, нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн  амьдралд чухал хэрэгцээ болж чаддаг эсэх талаар санал асуулга авч нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хэр бодитой хүрч байна вэ  гэдгийг тодорхойлон цаашид тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр болжээ.

 

 

 

Холбоотой мэдээ