Соёлын ажилтнууд зөвлөмж гаргахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-05 12:22:51

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран “Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөлгөөн”-ийг “Соёл урлаг- Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөлгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

“Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөлгөөн”-нд 16 сумын Засаг дарга, соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, соёлын төвийн хөгжмийн багш, номын санч болон аймгийн Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сангийн удирдлага, уран бүтээлч, ажилтнуудын төлөөлөл 170 гаруй хүн оролцож байна. Мөн зөвлөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамбадаржаа нар оролцов.

Орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох  зөвлөлгөөний  хүрээнд “Төрөөс баримтлах соёлын бодлогын хэрэгжилтийн стратеги”, “Орон нутгийн соёл урлагийн салбарын  өнөөгийн байдал,  цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэл”, “Соёлын өвийн бодлого хэрэгжүүлэх арга зам”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага”, “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын эрх зүйн орчин” зэрэг сэдвүүдээр  холбогдох  мэргэжилтнүүд  мэдээлэл  хийж, харилцан санал солилцсоны дээр мэргэжлийн  чиг  үүргийн дагуу   4 хэсэгт хуваагдаж,  салбарын тулгамдсан асуудлууд,  гарц шийдэл, боломжуудын  талаар  хэлэлцүүлэг  зохион байгуулж  байна.  

Тухайлбал,  сумдын Засаг дарга, Театр, Музей, Нийтийн номын сангийн дарга, захирал, Соёлын төвийн эрхлэгч нар  “Орон нутгийн онцлогт тулгуурлан соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, соёлын байгууллагын ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх, соёлын өвийг өвлүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад  нөлөөлөх  хүчин зүйл”-ийн  талаар,   Театр, Музейн ажилтнууд нь   “Театр,  Музейн  ажил үйлчилгээ явуулахад тулгамдсан асуудал, гарц шийдэл”-ийн талаар,  Соёлын төвийн хөгжмийн багш, бүжгийн багш нар “Орон нутагт  соёлын ажил зохион байгуулахад  тулгамдсан асуудал, гарц шийдэл”-ийн  талаар,  Нийтийн номын сангийн ажилтан, соёлын төвийн номын санчид “Номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, явуулын номын сангийн үйл ажиллагааг  идэвхжүүлэх, хөдөөгийн багт  хүрч үйлчлэхэд тулгамдсан  асуудал, гарц шийдэл, боломж”-уудын  талаар  тус тус  хэлэлцэж байна.  Зөвлөлгөөний  үр дүнд хэлэлцсэн асуудал, тавьсан саналуудаа нэгтгэн зөвлөмжийн төсөл боловсруулах юм.  

Зөвлөлгөөн 11 дүгээр сарын  05-ны өдөр  аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн нээлт,  Музейн үйл ажиллагаа, Соёлын биет  ба биет  бус өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцах, Цахим номын сан, Оюунтүлхүүр номын сан, угийн бичгийн талаар мэдээлэл хийх, аймгийн Соёлын ажилтны анхдугаар зөвлөлгөөний оролцогчдод зориулсан “Гар бөмбөгийн тэмцээн” ээр  үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ