Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаалд 300 жолооч автомашинтайгаа оролцов

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-05 10:30:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаалд 300 автомашин Төрийн ордон, Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийлэв.


Иргэн Б.Цэгмидийн жагсаал цуглаан зохион байгуулахаар өгсөн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн засаг дарга хүлээн авч жагсаал цуглаан хийх тухай хуулийг даган мөрдөж, нийтийн хэв журам зөрчих, эмх замбараагүй байдал бий болгох, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулах, төрийн байгууллагад дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг хориглож, анх зохион байгуулсан жагсаалын зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг зогсоохыг анхааруулжээ.


Жагсаалд оролцогчид автомашин дээрээ “Шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барь”, “Ард түмний ядуурал – Бензины үнэ нэмэгдсээр” гэх мэт уриа лоозон байрлуулж дуут дохиогоо хангинуулан эсэргүүцлээ илэрхийлэв.


Жагсаал өнөөдрөөс эхлэн дараах маршрутаар энэ сарын 10-ны өдөр хүртэл өглөөний 8 цагаас 11 цаг хүртэл  үргэлжлэх аж.




Нийслэлийн статистикийн газрын мэдээлсэн шатахууны үнийн мэдээллээс харахад өнгөрөгч сарын 31-ний байдлаар Нийслэлийн хэмжээнд “Дизель түлш” 2220-2385 төгрөг, “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1950-1985 төгрөг, “Аи-95” шатахуун 2300-2345 төгрөгийн үнэтэй байгаа бол “Газ” 1,300 төгрөгийн дундаж үнэ ханштай байв.

Холбоотой мэдээ