Их хэмжээний валют хилээр нэвтрүүлсэн хэргийг шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-30 15:21:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэний гар тээшинд үзлэг хийхэд гаалийн байгууллагад мэдүүлээгүй 249 мянган ам доллар, 200 мянган юань илэрчээ.


Тодруулбал энэ сарын 12-ны өдөр Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хяналтын ажилчид зорчигчдын гар тээшийг хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад уг Хятад иргэний тээшинд эрсдэлтэй зүйл байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээшийг онгойлгон биет үзлэг хийхэд дээрх валют гарч иржээ.


Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ