Гондурасын цагаачид Мексик-Гватемалийн хилээр хүчээр нэвтрэхийг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-29 13:29:36
МЕХИКО. /TASS/. Ням гарагт Гондурасын дүрвэгсэд Мексикийн нутаг дэвсгэрт хүчээр нэвтрэхийг оролдсоны дараа Мексик-Гватемалийн хил дээр цагаачид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Энэ тухай “Prensa Libre” цахим хуудсанд мэдээлсэн байна.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, мөргөлдөөн Гватемалийн Текун-Уман хотод Төв Америкийн цагаачид Рудольф Роблесын нэрэмжит хил орчмын гүүрт хүрч, хилээр гарахыг оролдох үед болжээ. Гэвч Гватемалийн цагдаа нар тэднийг хилээр гаргаагүй байна. Цагдаа нартай мөргөлдөх үеэрээ цагаачид чулуу, мод хэрэглэж байсан бол хэв журам сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөргөлдөөний үеэр нэг цагаач амиа алдсан байна.

Гондурас улсаас цагаачдын цуваа ирж байгаатай холбоотойгоор Мексикийн эрх баригчид Гватемаль улстай залгаа хил рүүгээ нэмж 500 цагдаа илгээх шийдвэрийг 10 дугаар сарын 17-нд гаргажээ. Нутаг дэвсгэртээ цагаачдын цувааг зогсоох арга хэмжээ авахгүй байгаа учир Гондурас, Гватемаль болон Сальвадор улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсооно эсвэл эрс бууруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ