Истанбулын уулзалтад оролцогсод Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байгаагаа илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-28 12:09:34
БЕРЛИН. /TASS/. Туркийн Истанбул хотод болсон дээд хэмжээний уулзалтад оролцогсод болох ОХУ, Турк, Герман болон Франц улсын удирдагчид Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байгаа гэдгээ илэрхийлээд терроризмтой тэмцэж, тус улсаас дүрвэгсдийг эх орондоо буцан очих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн алхамуудыг хийхийг уриалжээ. Энэ тухай уулзалтын албан ёсны мэдээнд дурдсан байна. Албан ёсны мэдээг Германы Засгийн газар нийтэлжээ.

Туркийн Истанбул хотод болсон зөвлөлдөх уулзалтад оролцогсод “Арабын Бүгд Найрамдах Сири Улсын тусгаар тогтнол, бие даасан, нэгдмэл байдал болон газар нутгийн халдашгүй дархан байдлыг хадгалах зарчмыг чанд баримтална гэдгээ нотоллоо” гэж мэдээлэлд дурдсан байна. Дөрвөн орны удирдагчид “Сири улсын тусгаар тогнол, газар нутгийн халдашгүй байдлыг, мөн хөрш орнуудын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилго бүхий салан тусгаарлах төлөвлөгөөний эсрэг шийдэмгий зогсоно”.

Үүнээс гадна, “дүрвэгсэд болон дотооддоо шилжин суурьшигсдыг сайн дураар буцах” нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байгаагаа Истанбулын уулзалтад оролцогсод илэрхийлсэн байна. Энэ нь “тэднийг зэвсэгт мөргөлдөөнөөс, улс төрийн хавчлага мөрдлөг болон үндэслэл шалтгаангүйгээр баривчлахаас хамгаалах” баталгаануудаас хамаарна. Үүний зэрэгцээгээр оршин суугчдыг ус, цахилгаанаар хангахын тулд дэд бүтцийг сэргээх нь үүнд мөн хамаатай гэж уулзалтын албан ёсны баримт бичигт дурджээ.

ОХУ, Герман, Турк болон Францын удирдагчид “бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд Сирийн мөргөлдөөнөөс үүдэлтэй эрсдэл, аюул занал учирч байгаад санаа зовинож буйгаа илэрхийлжээ”. “Уг мөргөлдөөнийг цэргийн замаар зохицуулах боломжгүй бөгөөд улс төрийн үйл явцын хүрээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээ хийх замаар шийдэх ёстой гэдэгт уулзалтад оролцогсод бат итгэлтэй байна”.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган, Германы Канцлер Ангела Меркель нар “Турк болон ОХУ цэрэггүй бүс байгуулсан Идлиб мужаас хүнд зэвсгүүдийг, мөн хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийг гаргасныг сайшаасан байна”. Үүний сацуу, урьдын адил терроризмтой тэмцэж, химийн зэвсэг ашиглахаас татгалзсан хэвээр байна гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Дээрх дөрвөн орны удирдагчдын Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар бямба гарагт хийсэн хэлэлцээ нэг цаг орчим үргэлжилсэн байна.
Холбоотой мэдээ