“Хүүхдийн спортын V их наадам”-аар мянга гаруй хүүхэд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-28 19:33:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд “Хүүхдийн спортын V их наадам”-ыг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн 5 дугаар сард “Хүүхдийн урлагийн их наадам”-ыг зохион байгуулж, 2600 гаруй хүүхэд оролцон авьяас билгээ нээн хөгжүүлж байсан бол энэ удаагийн спортын их наадмаар үндэсний бөх, жудо, сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, шатар гэсэн спортын 6 төрөлд 1300 гаруй хүүхэд авхаалж самбаа, ур чадвараа дайчлан оролцох юм.

Наадмыг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Өвөрхангай аймаг нутаг орныхоо нэрийг олон улсын хэмжээнд цуурайтуулсан урлаг, спортын салбарын алдартнууд олонтой. Цаашид ч сум, аймгийнхаа нэрийг тив, дэлхийн хэмжээнд гаргахуйц олон сайн тамирчид энэхүү наадмаас төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ жил Өвөрхангай аймгийн тамирчин хүүхдүүд олон улсын чанартай тэмцээнээс 20 гаруй алтан медалийг нутагтаа авчирсан байна. Хүүхдүүдэд эрүүл, чийрэг бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг олгох, спортоор хичээллэх идэвх сонирхлыг төрүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг дээшлүүлэх зэрэг олон зорилгыг агуулж буй уг наадам гурав хоног үргэлжлэх аж.

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ