Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн 66 хувийн дэмжлэгээр баталдаг байх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-25 16:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг тус тусдаа бие даасан хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг 2015 оны 12 дугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар нэгтгэсэн. Уг хуулийн дагуу 2016 оны УИХ болон ИТХ, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан байна. Энэ үед хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал үүсч байсан тул дахин бие даасан хуулиудын төслийг боловсруулж байна хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийн эхэнд онцлов.

Мөн үеэр дээрх хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулга хийлээ. УИХ, Ерөнхийлөгч болон ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УДШ,  СЕХ,  ХЗДХЯ, Сангийн яам, ҮАГ, УБЕГ, ЦЕГ-ын  төлөөлөл багтжээ. Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслүүдийг улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад хүргүүлж, саналыг нь хүлээн авч эхэлсэн байна. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус 2 байгууллагаас саналаа ирүүлснийг УИХ-ын дэд дарга дурьдлаа. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн нийт 28 нам, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 120 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглээд, “Хэлэлцүүлгийн явцад намууд болон холбогдох байгууллагаас гаргасан саналыг хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэх болно” гэлээ.

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслүүдийн талаар саналаа хэллээ. Тухайлбал, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар, “Одоо нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж, хүлээлт үүсээд байна. Тиймээс эхний ээлжинд Үндсэн хуулийн хүрээнд засаглалын асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь сонгуулийн хуулийн асуудлыг ярилцах нь зөв” хэмээсэн юм.

Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн эхнээс зогсоох, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийг товлон зарласан өдрөөс эхлэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Түүнчлэн сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр нэр дэвшигч бүрт бус зөвхөн улс төрийн нам, эвсэлд сурталчилгааны цаг өгдөг байх хэрэгтэй хэмээв.

Түүнчлэн Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, “Намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох, хууль зөрчсөн нэр дэвшигчдийг торгоод өнгөрөх бус эгүүлэн татдаг байх ёстой” гэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золжаргал, “Сонгууль болохоос 12 сарын өмнө тус хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд заавал УИХ-ын гишүүдийн 66 хувийн дэмжлэгтэйгээр баталдаг байх босго тогтоох нь зөв.  Бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох” санал гаргав.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс өнөөдөр улс төрийн намын удирдлагуудын хэлсэн саналыг хуулийн төсөлд тусгасны дараа дахин уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэдгийг дурьдаж байлаа.

Холбоотой мэдээ