ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа Дэлхийн мөнгөн медальт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Будапешт-2018" бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д , Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч чадлаа.
Тэрбээр “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн, Сассаригийн ОУТ-ий аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын долоон удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин билээ.
О.Насанбурмаа 10 дахь ДАШТ-дээ зодоглож Будапештйн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гран при”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялсан юм.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Гавьяат тамирчин О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүж байгаа юм.