Суулгалт өвчин нялхсын эндэгдлийн гол шалтгаан болж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-10-23 11:40:35

ГАБОРОНЕ. /Xinhua/.  Ботсвана улсад суулгалт, уушгины хатгаа, цусны халдвар болон уураг-шим тэжээлийн дутагдал зэрэг өвчнүүд нь нялхсын эндэгдлийн гол шалтгаан болж байгаа тухай тус улсын Статистикийн хорооноос даваа гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.


Уг хорооны дарга Бюртон Мгунийн мэдээлснээр, эдгээр өвчнүүд дундаас суулгалт өвчний улмаас хамгийн олон хүүхэд нас барсан аж. Гэсэн хэдий ч эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор засгийн газраас олон хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэрбээр онцлон тэмдэглээд, эдгээр нь ихээхэн үр дүнд хүрч байгаа тухай мөн мэдээлсэн байна.


Үүнд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, дархлаажуулалтын хөтөлбөр болон урьдчилан сэргийлэх тогтмол хугацааны кампанит ажлууд зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн нялхас төдийгүй бага насны хүүхдүүдийн эндэгдэл буурч, эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ихээхэн сайжирч байгаа аж.


Түүнчлэн нялхсын эндэгдлийн үзүүлэлтийг авч үзэхэд, охидуудтай харьцуулахад хөвгүүдийн эндэгдэл өндөр байгаа нь ажиглагдсан гэж Б.Мгуни нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ