Спортын сэтгүүлчид Дархан-Уул аймгийн шинэ “Спорт цогцолбор”-той танилцлаа.

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-22 13:47:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт /2018.10.20/ барилгын ажил нь олон жил дуншиж байгаа спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл Дархан-Уул аймгийг зорьсон юм.


Монгол Улсын хэмжээнд хамгийн цогц иж бүрэн төдийгүй багтаамжийн хувьд ч хангалттай, олон улсын стандартад нийцсэн 2200 хүний суудал бүхий "Спорт цогцолбор"-ын барилгын ажлын гүйцэтгэл 78 хувьтай явж байгааг би газар дээр нь очиж танилцлаа. Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Спорт, соёл үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажил 2 жил орчим бүрэн зогсоод байсан аж.



Харин 2016 оноос Дархан-Уул аймгаас парламентад сонгогдсон Б.Жавхлан нарын гишүүдийн санал, дэмжлэгээр барилга, угсралтын ажлыг сэргээсэн байна. Биднийг очиход УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тойрогт хамаарах тус "Спорт цогцолбор"-ын барилгын ажилд зориулан энэ оны улсын төсөвт 4,7 тэрбум төгрөг тусгаж өгсөнөөр барилгын ажил эрчимтэй үргэлжилж байв. Үнэхээр энэ бүс нутгийн төдийгүй улс орны хэмжээнд яригдах биеийн тамир спортын олон улсын стандартыг хангасан том цогцолбор гэдэг нь бүтээн байгуулалтын ажлаас тодорхой харагдаж байв. 


Уг цогцолборт дотоодын болон олон улсын томоохон спортын тэмцээн төдийгүй урлаг, соёлын тоглолт болон олон улсын үзэсгэлэн яармаг зохион явуулах бүрэн боломжтой заал, талбай, танхимтай юм байна. Мөн тамирчдын бэлтгэл хийх хоёр том заал, усан бассейн зэрэг байгууламж ч уг цогцолборт багтжээ. 

Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа "Нэмбар" ХХК-ийн инженер Э.Энхцацрал "Энэхүү цогцолборын усан бассейныг Итали стандартын дагуу тус улсын тоног төхөөрөмжийг авчирч суурилуулна. Бид олон улсын чанартай тэмцээн явуулах тусгай стандартад нийцүүлэн барьж байна. Тухайлбал, АНУ-ын дэлхийн стандартад нийцсэн шалыг хийхээр төлөвлөсөн" гэв.



Энэ цогцолборыг барих анхны гэрээний эхлэх, дуусах хугацаа нь 2011.06.30-2012.12.30  БУ24/11 гэж тухайн үеийн ЭМЯ-наас гаргаж, гэрээний дүн нь 9 612.33 сая төгрөг байжээ. Дараа нь ССАЖЯ-наас нэмэлт гэрээний эхлэх, дуусах хугацаа 2013.03.25-2013.12.30 болгож гэрээний дүнг 11 041.0 сая төгрөг гэсэн байдаг. Улмаар ЭМСЯ-наас үргэжлүүлэн гүйцэтгэх гэрээний огноо/дугаар:2015.03.23-2016.12.30  болгожээ. Хамгийн сүүлд БСШУСЯ-наас хугацаа сунгах гэрээг 2017.06.07-2019.11.30 хэмээн сунгаж гэрээний нийт дүнг 21 443.0 сая төгрөг болгосон байна. Харин 2014 онд УИХ-ын 63-р тогтоолоор БУА-ын санхүүжилт царцаагдсан. Санхүүжилт авсан нийт дүн нь 14 913.8  сая төгрөг юм байна. 2018 оны санхүүжилтээр 4 700.0 сая төгрөг гаргажээ.


Олон жил үргэлжилсэн барилгын ажлыг үргэлжлүүлэх явцад анхны төсөвт тусгагдаагүй нэмэлт ажил гарч ирсэн байна. Тухайлбал: Гадна инженерийн шугам сүлжээний ажил, гадна өндөржилт болон зам талбайн тохижилтийн ажил, Зочид буудлын цахилгаан шат -1ш, Рестораны барилгын хоолны цахилгаан шат-2 ш, гадна гэрэлтүүлгийн зураг төсөл, Дэд өртөөний барилга, АBCDE барилгуудын зоорийн давхрын доорхи шорооны нягтруулалт /6м зузаан/, А,В барилгуудын агаар халаалт, сэлгэлт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн өртөг, төмөр бетон хийцлэлийн нэмэлт ажлууд зэрэг 10 ажил нэмэгджээ.


Мөн өөрчлөлт хийгдсэн ажлууд байгаа аж. Үүнд А барилга: Огторгуйн орон зайн торон сүлжээ хийц, ган багана, гадна ханын өөрчлөлт, В барилга: Нийлмэл огтлолтой металл хийц, ган багана , гадна ханын өөрчлөлт, Бассейны төлөвлөлт зэрэгт өөрчлөлт оржээ. Ингээд 2011 оны анхны төсөвт өртөг 2006 оны 263-р тушаалыг үндэслэн 1м2 -697 888 төгрөг байсан бол 2013 онд нэмэлт ажлуудыг  анхны төсөвт өртөгт нэмж тооцоход  БХБЯ-ны сайдын 181-р тушаалаар үнийн индекс 1м2 -1 044 111 төгрөг  болсон байна.



2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-ны шийдвэр гарч Салхивчийн ажилд үүсч буй асуудлыг гүйцэтгэгч, зургийн автортой хамтран ажиллаж, шийдлийг боловсруулан захиалагч болон Барилгын хөгжлийн төв /БХТ/-д танилцуулж шийдвэрлэхээр тогтов. Мөн ерөнхий төлөвлөгөө, Интерьер, Экстерьерийн асуудлын хувьд захиалагчаас ажлын комисс байгуулж, Дархан-Уул аймгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж, орон нутагт нь очиж ажиллахаар болжээ. Халаалт, галын системийн хувьд гүйцэтгэгч, автортой хэлэлцэж, холбогдох ажилбаруудыг гүйцэтгэж, цаашид авах арга хэмжээний шийдвэрийг гаргахаар тохиролцжээ.


Мөн барилгын зочид буудлын зориулалттай өрөө, талбайг оффисын зориулалттай болгох асуудлыг орон нутагт томилолтоор ажилласны дараа үр ашгийн тооцооны үндсэн дээр эргэн хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Зурагт тусгагдсан хэрнээ төсвийн тоо хэмжээнд тусгагдаагүй ажлуудыг БХТ, гүйцэтгэгч хоёр тусгаж шалгаж гаргахаа болов. Түүнийг захиалагчид танилцуулж, тусгагдаагүй ажлуудын төсвийг зохиохдоо зөвхөн одоо хийгдээгүй ажлуудын төслийг 18, 181 дүгээр тушаалаар тооцохоор болжээ. Уг ажлуудын зураг төсөлд өөрчлөлт орсонтой холбогдон гаргах бүх зардлыг гэрээний нийт үнийн дүнд багтаан ажиллахаар талууд тохиролцсон байна. Шаардлагагүй нэмэлт ажлын зардлаар хийгдэх ажлуудыг дахин хэлэлцэх байдлаар нээлттэй байлгахаар тогтжээ.



Харин өнгөрсөн тавдугаар сард болсон хурлаар ерөнхий төлөвлөгөө, интерьер, экстерьерт өөрчлөлт оруулах С,D, E блокийн өрөө талбайг оффисийн зориулалттай болгох, Барилгын газрын асуудлыг Ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан шийдвэрлэхээр тогтож Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Спорт, соёл үйлчилгээ, албан байрны өөрчлөлтийн зургийн даалгавар”,  Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн  даалгавар” гарсан байна. Энэ бүхнээс харахад аливаа том бүтээн байгуулалтыг хийхэд алсыг харсан тов тодорхой төлөвлөлт, сахилга бат, гүйцэтгэл манай аль ч салбарт хөгжлийн тушаа, чөдөр болж байдгийн нэг жишээ энэ олон жил дуншсан бүтээн байгуулалтын ажлаас харагдаж байна.  



Спортын сэтгүүлчид энэхүү том бүтээн байгуулалттай танилцаж байхад "Спорт, соёл үйлчилгээний цогцолборыг барихад нийт 21 тэрбум төгрөг болно гэж тооцоод 2013 оны төсөвт тодотгол хийсэн. Тухайн оныхоо байдлаар 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь шийдсэн. Харин 2016 оноос хойш хөөцөлдсөөр үлдэгдэл 6.4 тэрбум төгрөгийг нь шийдлээ. Өнгөрсөн онд манай тойрогт хуваарилсан гишүүний таван тэрбум төгрөгийг энэхүү бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Орон нутагт хийх бүх бүтээн байгуулалтаа хойш нь тавьж байгаад 80 хувийг нь энэ байгууламжид зарцуулсан гэж ойлгож болно" хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлж байсан юм.


Дархан хотноо баригдаж байгаа тус “Спорт цогцолбор” ашиглалтанд орсноор Монголын биеийн тамир спортын салбарт том хөрөнгө оруулалт болох төдийгүй олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ, наадам зэргийг зохион байгуулахад ихээхэн дэм болно. Мөн орон нутагт хөгжиж байгаа болон шинэ спортын төрлүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.  

Холбоотой мэдээ