Н.Цэрэнбат: Энэ өвөл нийслэлийн утааг 50 хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-16 18:33:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил нийслэлийн гэр хорооллын 120 мянган өрхөд сайжруулсан түлш хэрэглэж эхлэх, мөн тооны айл бүрэн шаталтат төхөөрөмж ашиглах замаар утаатай “тэмцэх” болсноо БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ.

Ингэхдээ сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс  хямд борлуулах  аж. Үүнд 54.7 тэрбум төгрөгийн татаас олгох юм байна. Мөн нам даралтын 3 мянган зуух болон 100 мянган айл өрхийн янданд дээр дурдсан бүрэн шаталтат шүүлтүүр бүхий төхөөрөмж суурилуулна. Үүнд нийтдээ 76.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 14.7 тэрбум төгрөгийн татаасыг нэмбэл энэ өвөл утааг сааруулахад нийт 150 тэрбум төгрөг зарцуулах нь. Үүнийг 2019 оны улсын төсөвт суулгаснаа сайд Н.Цэрэнбат дуулгав.


Дээрх мөнгийг гаргаж, дурдсан арга хэмжээг авснаар энэ өвөл нийслэлийн утааг 10 хувиар бууруулах тооцоо гарсан байна. Гэхдээ төлөвлөснөөр Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж буй гэр хорооллын 220 мянган өрхийн 100 мянгад нь бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж суулгаж, 120 мянгыг нь сайжруулсан түлшээр хангахад утаа 50 хувь буурна гэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо (ОББҮХ)-ноос үзжээ.

Энэ жилийн төсөвлөсөн 150 гаруй тэрбум төгрөгөөр 10 мянган айлыг орон сууцжуулах дүн гарч байгааг сайд хүлээн зөвшөөрч байгаа боловч “Бид аль болох олон айлыг утаа гаргахгүй байх зорилт тавьсан. Нэг жил тэдэн айлыг орон сууцжуулъя гэхээс илүү яаж бага хохиролтой агаарын бохирдлыг даван туулах вэ гэдэг чухал болж байна. Өнөөдөр нийслэл хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй гэдгийг  бодох хэрэгтэй. Нийслэлийнхний 52.9 хувь нь амьсгалын замын өвчтэй, 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн болон хөндлөнгийн байгууллага судалж, тогтоосон. Агаарын бохирдолтой орчинд амьдарч буй хүүхдийн уушгины багтаамж хөдөөгийн хүүхдээс 40 хувиар бага байгааг ч судалгаагаар тогтоосон” гэв.

Тэрээр цааш хэлэхдээ,“Утааг бууруулахын тулд орон сууцжуулах, дэд бүтцийг шийдэх, цахилгаан халаалт ашиглах зэрэг олон шийдэл байгаа ч эдгээр нь урт хугацаанд хэрэгжих аргууд. Орон сууцжуулахад дор хаяж 10 жил шаардана. Мөн дэд бүтцийг шийдээд гэр хорооллынхны хашаанд шугам, хоолой тавиад холболт хийхэд нэг өрхөөс 6 сая төгрөг гарах боломж хэцүү.

Цахилгаанаар халаалтыг шийдэх сонголт хийхэд ДЦС-уудын хүчдэл дийлэхгүй. Тиймээс ОББҮХ ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшийг энэ оноос эхлэн хэрэглэх, бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж ашиглах шийдэлд хүрээд байна. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл” хэмээн онцлов.

Холбоотой мэдээ