Перу улсын сөрөг хүчний намын удирдагчийг мөнгө угаасан хэргээр баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-11 11:42:22

ЛИМА. /NHK/. Перу улсын сөрөг намын удирдагч Кейко Фухимориг мөнгө угаасан болон сонгуулийн кампанит ажилд хууль бус санхүүжилт авсан хэргээр баривчилсан тухай телевизийн "NHK" суваг мэдээлэв.


Лхагва гарагт К.Фухимори болон түүнтэй холбоотой өөр бусад 19 хүн нийслэл Лима хот дахь Прокурорын газраас дуудагдсан байна. Тэдний дунд сайдын алба хашиж байсан Хайме Йосияма болон Аугусто Бедоя Камаре нар байжээ.


К.Фухимори нь Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фухиморигийн охин бөгөөд тэрбээр 2011 болон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч ялалт байгуулж чадаагүй аж. Түүний удирддаг нам парламентад олонхийн суудал эзэлдэг юм.


Энэ сарын эхээр болсон орон нутгийн сонгуульд эрх баригч намынхан тооцоолж байснаас олон ялалт байгуулсан байна. Перугийн зарим мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэхүү баривчилгаа нь улс төрийн зорилготой байж болох бөгөөд эрх баригч намын талаас К.Фухиморигийн нөлөөг бууруулах гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

Холбоотой мэдээ