Хуванцар шанага, аяга хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-06 19:45:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн МХГ, ХХААГ-ын хамтарсан шалгалтын дүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх, улаан өнгөтэй хуванцар шанага, хүүхдийн усны аяга, хоолны улаан дотортой аяга болон БНСУ-д үйлдвэрлэсэн ягаан өнгөтэй шанаганд формальдегид бодис стандарт хэмжээнээсээ их байгаа нь илэрчээ. Дээрх шалгалтыг “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр болон аймгийн Засаг даргын А/339 дугаар захирамжийн дагуу хийсэн байна.

Шалгалтад хоол үйлдвэрлэлийн 35, хүнсний үйлдвэрлэлийн 37, худалдаа үйлчилгээний 10, аж ахуйн нэгжийн 45 газар хамрагдан зориулалтын тэмдэг, тэмдэглэгээгүй, гарал үүсэл нь тодорхой бус 10 төрлийн хуванцар савнаас 37 дээж авчээ.

Үүнээс 12-ыг нь Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид “Хүнд металл илрүүлэх” шинжилгээнд хамруулсан байна. Үлдсэн 30 дээжийг Орхон аймгийн МХГ-ын лабораторид гурван үзүүлэлтээр шинжлэхэд дээрх дүн гарчээ.

Хуванцар саванд агуулагдах формальдегид бодис нь стандарт хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элэг, бөөрийг гэмтээхээс гадна архаг хууч өвчнийг сэдрээдэг аж.

Мөн  төрөл бүрийн харшил болон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Формальдегидийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис, модон эдлэл арчиж, өнгөлөх шингэн, цавуу, гоо сайхны зарим бүтээгдэхүүнд  их хэрэглэгддэг байна.

Иймд албаныхан хуванцар сав, баглаа боодол, шанага, аяганаас татгалзахыг уриалсан зөвлөмж, зөвлөгөө бүхий зурагт хуудсыг  худалдаа үйлчилгээ, гэр хорооллын баг, худаг, зах, төвлөрсөн цэгүүдэд наав. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэл өгч байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс сав, баглаа боодлынхоо нийт хэрэглээний 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол үлдсэн 70 хувийг импортоор авдаг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

Холбоотой мэдээ