Хүүхдийн төв номын санд “Утгын оньс” танхим үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-04 16:49:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд хүүхдийн зохиолчдын бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой “Утгын оньс” танхимыг нээлээ.


Энэхүү танхимд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, СГЗ Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу нарын хүүхдийн зохиолчдын гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлийг тавьсан нь олны сонирхлыг татаж байна. Түүнээс гадна уг номын санд хэрэглэж байсан анхны компьютер, пянз тоглуулагч, каталогийн карт бичигч машин зэргийг ч харах боломжтой. Бүтээлүүдийн дийлэнх нь 200 гаруй жилийг туулан өнөөдөр нийтэд ил болж буйгаараа онцлогтой. Эдгээр үзмэрийг хоёр жилийн хугацаанд цуглуулжээ.

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Хүүхдийн зохиолч, уншигч багачууд, тэдний эцэг эхэд зориулсан танхимыг “Бахархлын танхим” хэмээхээр байсан ч нээлтийн өмнө хүүхдийн зохиолчид юм бүхэн утга учиртай, учир бүр оньсого шиг байдаг учраас “Утгын оньс” гэж нэрлэвэл зохилтой гэсэн санал гаргасныг дэмжиж ийнхүү нэрлэсэн. Энэ танхимд хүүхдийн зохиолчид номоо хэрхэн бүтээж ирсэнтэй танилцаж болно. Эрдэм шинжилгээний ажил, уулзалт зохион байгуулах үйл ажиллагаа явуулна” гэв.

Цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын өвийг баяжуулж ажиллах аж.

Холбоотой мэдээ