Хүүхдийн спортын 8 дугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2018-09-24 14:27:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 25-наас 10 дугаар сарын 1-нийг хүртэл  болох “Монгол туургатан” хүүхдийн спортын 8 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо.


Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц Багийн ахлагч О.Баттулгад Төрийн далбааг гардуулав. Наадамд Монгол Улсаа төлөөлөн бокс, жудо, чөлөөт, хөнгөн атлетик гэсэн спортын 10 төрөлд шигшээ багийн 216 өсвөрийн тамирчин хүүхэд , 28 дасгалжуулагч, шүүгч албаны төлөөлөгч оролцох юм.


БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Багийн ахлагч О.Баттулга “Монголын баг тамирчид анх удаа 280 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй эл тэмцээнд оролцох гэж байна. Манай баг тамирчид тус наадмыг анх зохион байгуулснаас хойш оролцож ирсэн. Төрөл бүрт байнга амжилт гаргадаг. Өнгөрсөн жилийн наадамд манай багийн тамирчид нэгдсэн дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарсан, энэ удаагийн наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг хавраас эхлэн базаасан. Засгийн газраас 120 сая төгрөгийг нэгдүгээр шигшээ багийн тэмцээний зардалд төсөвлөсөн. Энэхүү олон улсын наадмаас залуу тамирчид цаашдынхаа спортын амжилтыг эхлүүлдэг. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд нөхөрлөх, туршлага судлах, орон орны ёс заншилтай танилцах  ач холбогдолтой. Наадам 11 төрлөөр болж байгаа боловч манай баг 10 төрөлд хүч сорино.  Харин хөл бөмбөгийн баг тамирчид тэмцээн давхацсан учраас  оролцож чадахгүй болсон” гэлээ.


 Тэмцээнд өсвөрийн 15-17 насны тамирчид оролцож буй бөгөөд тэдний сэтгэгдлийг сонссон юм.





Б.Анужин “Волейболын тэмцээнд хүч сорино. Өмнө нь “Монгол туургатан” хүүхдийн спортын 6, 7 дугаар наадамд оролцон амжилт гаргаж байсан. Бэлтгэлээ сайн хангасан гэж бодож байна. Долоо хоногт нэг амарч өдөрт  2 удаа бэлтгэл хийсэн. Багшийн зааврын дагуу хичээн тоглож, эх орныхоо нэрийг гаргана” гэв.




М.Тэмүүлэн “Ширээний теннисний тэмцээнд оролцоно. Ялж, ялагдахдаа биш сайн тоглохдоо гол нь гэж бодож байна. Мэдээж тактиктай тоглож медаль авахыг хичээнэ. Өмнөх жилийн наадамд оролцож Оросын тамирчныг хожсон. Энэ удаа ч гэсэн амжилт гаргана” гэлээ.


БНХАУ-ын ӨМӨЗО, Буриад, Монголын Биеийн тамир, спортын газрууд хамтран 2009 оноос Монгол туургатны  хүүхдийн наадмыг санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр гурван оронд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн наадмын үеэр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох бөгөөд гурван улсын төлөөлөгчид хүүхэд залуучуудын спортод тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.


Б.Янжиндулам

 

 

Холбоотой мэдээ