Трампын барих хананы зардлыг Мексик төлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-26 11:18:41

МЕХИКО. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Мексикийн хил дагуу “том, сайхан, бат бөх хана” барина гэж үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Дональд Трамп мэдэгдсэн бөгөөд энэ нь хууль бус цагаачлалыг зогсоох үр дүнтэй арга хэмжээ гэж тэрбээр үзжээ.

“Юу хийж байгаагаа мэдэж байвал энэ тийм ч хэцүү төсөл биш” гэж тэрбээр өнгөрсөн зун мэдэгджээ.

Гэвч инженерүүд уг саналд эргэлзэж байна. 3200 км урт хана барихад хэдэн тэрбум доллар шаардлагатай. Трампын мэдэгдсэнээр, үүнд санаа зовох хэрэггүй, Мексикийн Засгийн газар бүх зардлыг гаргах аж.

Трампын энэ санал мохошгүй эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч асан Висенте Фокс мэдэгджээ.

"Энэ саналыг Ардчилал хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийд өнөөдөр юу болж байгааг галзуу хүмүүс мэддэггүй" гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “Невада муж улсад болсон санал хураалтаар испани гаралтай хүмүүсийн 44 хувь нь Трампт саналаа өгсөн байсан. Тэдгээр испани гаралтай хүмүүс хэн болохыг би мэдмээр байна. Яагаад гэвэл тэд буруу номлогчийг дагаж байна. Трамп тэднийг цөл рүү цөлнө. Дональд Трампын тэргүүлсэн Засгийн газар испани гаралтай хүмүүст элэгтэй байна гэж тэд үзэж байгаа бол энэ буруу, нүдээ нээ. АНУ-д байгаа испани гаралтай хүмүүсээ гуйж байна, нүдээ нээ” гэж хэлжээ.

Трамп АНУ-ын улс төрийн хоёр гол намын алиных нь ч үнэнч төлөөлөгч биш гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ