Метан хий гаргаж авснаар түүхий нүүрснээс татгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
dogsom@montsame.mn
2018-09-18 16:18:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ашигт Малтмал Газрын Тосны Газар” /АМГТГ/ Австрали Улсад бүртгэлтэй  Голден Хорд Лимитед компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн Сайдын зөвлөх Ц.Түмэнцогт, Австрали Улсын талаас Голден Хорд Лимитед компанийн гүйцэтгэх захирал Нийл Ёнг нар өнөөдөр гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу АМГТГ  Номгон-9 талбайд “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрхлэх, гэрээ байгуулах эрх олгосон. Тус талбайд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэр багтдаг аж. Хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлж, хамгийн багадаа 30 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулахаар гэрээнд тусгажээ.  

Азид сүүлийн жилүүдэд метан хийн хэрэглээгээр БНХАУ, Индонези улс тэргүүлдэг. Метан хий нь агаарт дэгдэхдээ нүүрс хүчлийн давхар ислээс 21 дахин илүү дулаан ялгаруулж азоны давхаргын цоорхойг нэмдэгдүүлдэг хүлэмжийн хий. Энэ хаягдал хийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, гэрээний ач холбогдлын талаар Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдөр уламжлалт бус метан хий хайх, олборлох чухал үйл ажиллагааны эхлэлийг тавилаа. Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана. Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, өндөр даацын авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд байгалийн хийн нөөц, техник, эдийн засгийн үндэслэлийг тогтоож, хийн шугам сүлжээ, нацоссын станцууд зэрэг иж бүрэн цогцолбор барих шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудын метан хий ашиглах технологийг Монголд нутагшуулна. Мөн газрын тосны тухай хуулинд уламжлалт бус байгалийн хий гэсэн бүлэг нэмэх эсвэл бие даасан хууль гаргах, байгалийн хийг уламжлалт, уламжлалт бус гэж ялгах хэрэгтэй болно” гэлээ.

 “Жи Өү Эйч” ХХК-ийг Австрали Улсын Голден Хорд Лимитэд компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх зорилгоор 2011 онд байгуулагджээ.


Б.Янжиндулам

Холбоотой мэдээ