Статистикийн мэдээллийн үнэн байдалд онцгой анхаарахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-17 16:33:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 13 сум, 96 багийн багийн Засаг дарга нарыг хамруулсан "Засаг дарга нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, статистик мэдээллийн чанарыг сайжруулах" сэдэвт зөвлөгөөн есдүгээр сарын 17-нд болж байна.


Зөвлөгөөнд хэлтэс, агентлагийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож, батлан хамгаалах, статистикийн салбар, малын эрүүл мэнд, малын генетикийн нөөц, малчдын тэтгэврийн тухай хууль тогтоомж болон газар зохион байгуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улсын бүртгэлийн үйл ажиллагаа, хилийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцож буй.


Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Удахгүй бүх багийн Засаг дарга нарыг зөөврийн компьютероор хангахаа мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд статистик тоо баримтын үнэн бодит байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа ч, төдийлөн үр дүн гарахгүй байгааг сануулж, багийн Засаг дарга нарт ажлын хариуцлагыг дээшлүүлэхийг үүрэг болголоо.


Тухайлбал, мал төллөлт, малын зүй бус хорогдол, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлын талаарх статистик мэдээлэл бодит байдалтай нийцдэггүй гэдгийг иргэд шүүмжилдэг байна.


Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерланы тайлбарласнаар зарим багийн Засаг дарга нар ажилдаа хайнга хандсанаас анхан шатны мэдээллүүдийг зохих ёсоор бүрдүүлээгүй асуудал гардаг аж. Саяхан статистикийн улсын байцаагч нар хөдөө сумдад  ажиллахдаа мэдээллийн үнэн бодит байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад зөрчил илэрсэн Сагсай, Ногооннуур сумын Засаг дарга нарт хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.


Харин багийн Засаг дарга нар 100 орчим төрлийн мэдээ, тайлан, судалгаа гаргадаг хэдий ч төсөвлөгдсөн хөрөнгө байхгүйн улмаас зарим үед ард иргэдэд хүрч ажиллаж чадалгүй шүүмжлэлд өртдөг аж.


Ө.Нурболат

 

Холбоотой мэдээ