Эмийн сангуудад хяналт хэрэгтэй байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:14:48

Завхан аймгийн төвд 134 нэр төрлийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг тендэрт шалгарсан зургаан эмийн сан үзүүлж байна.

Эдгээр эмийн сангуудад өдөрт 50-60 хүн хөнгөлттэй эмийн жороор үйлчлүүлж байгаа юм. Иргэд хөнгөлөлттэй жороор олгох эмийг их хэмжээгээр авдаг. Харин зарим иргэд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ч мэддэггүй, зах зээлийн үнээр нь эмийг дур мэдэж авдаг байна.

Мөн "хөдөө орон нутагт бие биенээ зүс мэддэг болоод ч тэр үү зарим тохиолдолд жоргүйгээр өөрсдийн дур мэдэн эм авдаг. Заавал эмчийн жороор эмийг олгодог эмийн сан үгүй байна. Тэд зөвхөн эм, тариагаа зарж борлуулахаа л мэддэг. Иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар нэг ч үг дуугардаггүй" хэмээн иргэд, мэргэжлийн эмч нар шүүмжилж байна.

Сүүлийн үед ханиад хүрсэн тохиолдолд эцэг эхчүүд хүүхдэд дур мэдэн мэддэг хэдэн антибиотекоо өгчихдөг. Тэгээд томуу нь дээрдэх биш бүр дордох зарим тохиолдолд эмийн хэтрүүлэн хэрэглэсэн, хордсон байдалтай ирдэг. Тиймээс эмийн сангуудад хяналт тавьж иргэдэд эмчийн жоргүй тохиолдолд эм олгохыг нь зогсоох хэрэгтэйг хүүхдийн эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр санууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ