Олимпын наадмын он жилүүд

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-24 14:19:28

ВАШИНГТОН. /history/. Бразилын Рио-Де-Жанейро хотод зуны олимпын 31 дэх удаагийн наадам энэ жилийн наймдугаар сарын 5-21-нд болох гэж байгаатай холбогдуулан олимпын наадмын баримт мэдээллүүдийг цувралаар хүргэж байна.

Орчин үеийн олимпын анхны наадам 1896 онд Грекийн нийслэл Афин хотод болсон бөгөөд 13 орны 280 тамирчин спортын 43 төрөл, тухайлбал, гүйлт, гимнастик, усанд сэлэлт, бөх, дугуй, теннис, хүндийг өргөлт, буудлага, туялзуур сэлмийн төрлөөр өрсөлдсөн байна. Орчин үеийн анхны олимпын наадмыг I Жорж хаан болон 60 мянга орчим үзэгч үзэж сонирхжээ. Дэлхийн I дайн /1916 он/, II дайны /1940, 1944/ үед олимп болоогүй хэдий ч наадам бүрийг алгасалгүй дугаарласан байна.

Орчин үеийн олимпын наадмын бэлгэ тэмдэг болсон таван өнгийн цагираг нь Хойд болон Өмнөд Америк, Ази, Африк, Европ, Австрали тивийг төлөөлдөг юм. Харин олимпын далбаанд цагаан дэвсгэр дээр таван цагираг бүхий бэлгэдлийг дүрсэлсэн байдаг. 1920 онд Бельгийн Антверп хотод болсон олимпын үеэр анх удаа уг далбааг намируулжээ.

1924 онд Францын нийслэл Парис хотод болсон VIII олимпт 44 орны 3000 тамирчин оролцсоны 100 гаруй нь эмэгтэй тамирчин байсан бөгөөд энэ үеэс олимпын наадам жинхэнэ утгаараа олон улсын спортын арга хэмжээ болсон байна. Мөн тус наадмын төгсгөлд анх удаа хаалтын ажиллагааг зохион байгуулжээ.

1924 онд анхны өвлийн олимп зохион байгуулагдсанд уран гулгалт, мөсний хоккей, биатлон, бобслей зэрэг спортын төрөл орсон байна. Үүнээс 80 жилийн дараа буюу 2004 онд Афинд хотод 100 гаруй жилийн дараа дахин зуны олимп болсонд 201 орны 11 мянга орчим тамирчин оролцсон нь дээд амжилт болж байжээ.  

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ