Amnesty International: Дэлхий даяар хүний эрх зөрчигдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-24 10:02:03

ЛОНДОН. /TASS/. Бараг дэлхий даяар хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа нь энэ салбарт сүүлийн 70 жилд хүрсэн ололт амжилтыг аюулд оруулж байна гэж төрийн бус “Amnesty International” байгууллага Их Британийн нийслэл Лондон хотод нийтэлсэн дэлхийн 160 орны 2015 оны хүний эрхийн байдлын тухай тайландаа анхааруулжээ.

“Зөвхөн бидний эрх төдийгүй тэдний баталгаа болж байдаг хууль, тогтолцоо аюулд ороод байна” гэж  Лондон хотод төвтэй тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти тайлан нийтэлсэнтэй холбоотойгоор мэдэгдсэн байна. “Сүүлийн 70 гаруй жилийн шаргуу хөдөлмөр, ахиц дэвшил аюулд ороод байна” гэж тэрбээр нэмж хэлээд 2015 онд “Венесуэл улсаас Египет хүртэл, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас Хятад хүртэл” хүний эрхийг зөрчсөн болохыг онцлон дурджээ.

Зөрчлийг тоогоор илэрхийлбэл

“Amnesty International” байгууллагын ажилтнууд өнгөрсөн онд дэлхийн 122 гаруй оронд эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсаныг, 113 оронд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хязгаарласныг, 91 оронд хүний эрхийг хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчдийг айлган сүрдүүлснийг, мөн 30 орон дүрвэгсдийг аюул заналхийлж байгаа эх оронд нь буцаасныг баримтжуулсан байна. Үүнээс гадна, наад зах нь 19 улсын засгийн газар эсвэл зэвсэгт бүлэглэлүүд “цэргийн гэмт хэрэг” үйлдсэн эсвэл байлдааны ажиллагаа явуулах журмыг зөрчжээ.

Дүрвэгсдийн хямрал

Тайланд онцлон тэмдэглэж буйгаар, дэлхийн хүний суурь эрх зөрчигдсөнөөс үүдэлтэй үр дагаврын хамгийн тод жишээ бол өнгөрсөн онд тоо нь 16 сая давсан дүрвэгсэд, цагаачидтай холбоотой хямрал юм. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт билээ.

Үүнтэй холбоотойгоор “Amnesty International” байгууллага өнгөрсөн онд дүрвэгсдийн асар их хэмжээний урсгалтай тулгарсан Европын Холбооны эрх баригчдыг шүүмжилсэн байна.  Тус байгууллагын тайланд дурдаж буйгаар, иргэний дайн болж байгаа Сири улсыг орхин гарсан 3.7 сая дүрвэгчийг Турк, Ливан, Иордан улс хамтдаа хүлээж авсан бол “нийт 500 сая гаруй хүн амтай дэлхийн хамгийн баян улс төрийн холбоо болох ЕХ нь энэ сорилт бэрхшээлд хүний эрхийг хүндэтгэн, тууштай, хүмүүнлэгээр дорвитой арга хэмжээ авах чадамжгүй цорын ганц нь болж таарчээ”.

Дэлхий даяар хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотойгоор “Amnesty International” хүний эрхийг сахин хамгаалах баталгаа олгоход бололцоотой бүхнийг хийхийг  дэлхийн удирдагчдад уриалсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ