“Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан-Үдэд нээгджээ

Дэлхийд | Соёл урлаг
jargal@montsame.mn
2016-02-23 16:54:20

УЛААН-ҮД. /baikal-daily/. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж, “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 16-наас эхлэн нээжээ.

Хоёрдугаар сарын 15-нд болсон үзэсгэлэнг нээх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, тус улсын Гадаад хэргийн яамны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Буриадын Засгийн газрын тэргүүний нийгмийн хөгжил хариуцсан орлогч дарга Владимир Матханов, Соёлын сайд Тимур Цыбиков нар оролцжээ.

Монголын Гадаад хэргийн яамны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар хүрэлцэн ирсэн зочдод дипломат харилцаа тогтоосны ойн баяр хүргэсэн байна.

“Ойн хүрээнд бид соёл, спорт, улс төрийн арга хэмжээг Монгол, Оросын хотуудад зохион байгуулна. Буриад улс манай улсын хувьд онцгой байр суурь эзэлдэг, тийм учраас ойн арга хэмжээг Улаан-Үд хотоос эхлүүлж байна. Өнөөдөр бид “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Энэ үзэсгэлэнгээс Монголын тухай, манай орны ард түмэн, соёлын талаар илүү ихийг мэдэж авна гэж би бодож байна” гэж тэрбээр хэлжээ.

Уг үзэсгэлэн анх удаа чиг хандлага, ур чадвар, төрөл жанраараа болон мэргэшсэн сэдвээрээ ялгаатай Монголын үе үеийн авьяаслаг гэрэл зурагчдын бүтээлүүдийг нэгтгэсэн байна. Монгол орны гайхалтай үзэсгэлэнтэй газар нутгийн тогтоцууд, монголчуудын соёл, ёс заншлын тухай өгүүлэх 50 гэрэл зургийг дэлгэсэн уг үзэсгэлэн гуравдугаар сарын 16 хүртэл нээлттэй байна гэж Буриадын Соёлын яамны хэвлэлийн албан мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ