Сайед Фарукийн утасны түгжээг тайлах саналыг Макафи дэвшүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-23 12:05:45

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Сан-Бернардино хотод халдлага үйлдсэн Сайед Фарукийн “iPhone” утасны түгжээг тайлах саналыг вирусийн программ бүтээгч Жон Макафи АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд дэвшүүлсэн тухай “Business Insider” цахим хуудас мэдээлжээ.

Уг утасны түгжээг тайлах шүүхийн шаардлагыг “Apple” компани эсэргүүцсэн бөгөөд уг асуудлыг хэрхэн шийдэхтэй холбоотой маргаан үүсээд байгаа билээ.

Харин Жон Макафи, утасны түгжээг тайлах ажлыг багынхаа хамт “үнэгүй” хийж өгнө гэж мэдэгджээ.

Тэрбээр Хувь хүний эрх чөлөөний намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж байгаа бөгөөд кампанит ажилтайгаа холбогдуулан ийм санал дэвшүүлсэн байна.

Утасны түгжээг тайлахад “гурван долоо хоног хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Жон Макафигийн мэдэгдэлд эргэлзэж байгаагаа аюулгүй байдлын шинжээч Грэм Клули илэрхийлээд, бусад утсыг бодвол “iPhone”-ийг хакердах маш хэцүү гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ