БНХАУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-23 09:58:41

БЭЭЖИН. /NHK/. Умард Солонгос болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэхээр  Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт АНУ-д айлчилна гэж БНХАУ мэдэгдэв.

Мягмар гарагт эхэлж, 3 өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон албаны бусад хүнтэй уулзана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.

Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэхгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин амласан боловч тус бүс нутгийн маргаантай аралд газар-агаар ангиллын пуужингийн систем БНХАУ байрлуулсныг Керри өнгөрсөн долоо хоногт буруушаасан билээ.

Хамгийн сүүлд хийсэн цөмийн туршилт болон алсын тусгалтай баллистик пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгост НҮБ шинэ хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж АНУ, БНХАУ тохиролцсон. Умард Солонгост хатуу арга хэмжээ авахыг АНУ уриалсан боловч энэ нь БНАСАУ-ын байдлыг тогтворгүй болгоно гэж БНХАУ болгоомжилж байна.

Умард Солонгостой хийх хэлэлцээнд оролцохыг Ван АНУ-аас хүсэх төлөвтэй байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээг Умард Солонгосын хийх хүсэлтэй байгаа энхийн хэлэлцээрийн тухай хэлэлцээтэй хамт явуулах саналыг Ван И өнгөрсөн долоо хоногт дэвшүүлжээ.

Цөмийн зэвсэггүй болоход чиглэсэн тодорхой алхмыг Пхеньян хийхгүй бол Умард Солонгостой хэлэлцээ хийхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ