Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Япон багштай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-15 19:19:56

Өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг дэмжиж Японы Элчин сайдын яам болон олон улсын Жайка байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Дайни Кунияа, дэд ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн ноён Ташима Козо нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт Монголын эмэгтэй 14 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулахаар дөрвөн  жилийн гэрээгээр Японы дасгалжуулагч багшийг сонгон шалгаруулж авч ажиллуулахаар болжээ. Тус санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын талаас “Их Монгол” группын захирал Ганхуяг, МХБХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Д.Болдбаатар, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Ганболд,  Японы талаас ЯХБХ-ны Тамгын газрын дарга Окуда Яасухиса, Гадаад харилцааны гүйцэтгэх захирал Мацунага болон Япон улсаас Монгол улсад суух Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Минору Кикучи, Аташе Рио Такигучи, Жайка ОУБ-ын Монгол дахь салбарын эхлэх мэргэжилтэн Хироми Савада нар байлцлаа.

Дашрамд сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбооноос 2015 онд охид эмэгтэйчүүдийн УАШТ-ийг идэрчүүдийн УАШТ-ээс тусдаа болгосон төдийгүй өнгөрсөн долдугаар сарын 21-27-нд анх удаа охид эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй хөлбөмбөгийн 10 гаруй баг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ази тивдээ тэргүүлэгч Япон улсын эмэгтэй хөлбөмбөгчдийн шигшээ баг 2011 онд дэлхийн аварга багаар тодорч алтан цомын эзэн болсон бол энэ жил мөнгөн медалийн эзэд болсон билээ. Үүнээс харахад энэ улсад эмэгтэй хөлбөмбөг ямар түвшинд хүрсэн гэдэг нь тодорхой юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд