Орхон аймгийн үе, үеийн Засаг дарга нарт нэг сая төгрөг өгөв

Орон нутагт | Орхон
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:29:44

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой тохионо. Үүнийг угтаж аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн үе, үеийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.


1976 оны нэгдүгээр сарын 1-нд Булган аймгийн Эрдэнэт хороог улсын чанартай хот болгож байсан түүхтэй. Анхны даргаар Самбуугийн Цэвээн ажиллаж байжээ. Харин Орхон аймаг гэж нэрийдэх үеийн анхны даргаар Чойжилсүрэнгийн Доржпалам томилогдсон юм. Ийнхүү түүхт 40 жилийн хугацаанд Эрдэнэт хот, Орхон аймгийн Засаг даргаар 11 хүн ажиллажээ. Үүнээс С.Цэвээн, Т.Ганболд, Г.Зоригт нар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Үе, үеийн Засаг дарга нар уулзах үеэрээ өөрсдийнх нь ажиллаж байх үе одоогийнхоос тэс өөр, эдийн засгийн байдал ч хүнд байсан гэдгийг онцолж байв. Тухайлбал, Эрдэнэт хотын дарга асан Д.Тогооч хэлэхдээ, “ Тухайн үед Хот тохижуулах, соёлын байгууллага, сургууль, цэцэрлэгийн дийлэнх нь “Эрдэнэт үйлдвэр”-т харьяалагддаг байсан. Харин одоо бүгд орон нутгийн өмчид байна. Ингэснээр хариуцлага улам нэмэгджээ.

Мөн дунд шатны албан тушаалтны хариуцлага их сул байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж одоогийн Засаг дарга С.Дангаасүрэнд хандаж хэлсэн юм. Ийнхүү Засаг дарга нар аймгийн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцаж төрийн их ажлын хажуугаар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Орхон аймгийн 11 дэх Засаг дарга С.Дангаасүрэн тэдэнд Эрдэнэтийн брэнд зэс домбо, тус бүрт нь нэг сая төгрөг гардууллаа. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд