Сирид өдөр бүр 3000 хүүхэд орон гэрээ орхихоос аргагүйд хүрч байна

ДЭЛХИЙД
jargal@montsame.mn
2016-02-05 12:49:17

РОМ. /TASS/. Сүүлийн таван жилд Сирид өдөр бүр 3000 гаруй хүүхэд мөргөлдөөнөөс дайжин орон гэрээ орхихоос аргагүйд хүрч байна гэж “Save the Children” олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Марко Гуаданьино мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээллээр, Сирид 5.8 сая хүүхэд орон гэргүй хоцорсон бол тус улсад болон хүүхдүүд зугтан гарсан хөрш орнуудад 2.8 сая хүүхэд сургуульд явж чадахгүй байна. “Бид Ойрхи Дорнодод бүхэл бүтэн үеийг алдах эрсдэлд ороод байна” гэж Гуаданьино онцлон хэлжээ.

Мөргөлдөөн эхлэхээс өмнө Сирид сургуулийн боловсрол эзэмших баталгаа бараг 100 хувь байсныг тэрбээр дурдсан байна. "Одоо зарим бүс нутагт энэ үзүүлэлт 6 хувьд хүрч буурсан. Сирид дөрвөн сургуулийн нэг нь эвдэрч сүйдсэн эсвэл эзлэгдсэн” гэж хүний эрхийг хамгаалагч статистикийн жишээ татжээ.

Их Британийн Лондон хотод  пүрэв гарагт Сирид хандивлагч орнуудын бага хурал болсонтой холбоотойгоор  Арабын энэ улсад боловсролын тогтолцоог сэргээхэд  1.4 тэрбум доллар гаргахыг “Save the Children” байгууллага уриалсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ