Ирак, Сирийн хүн амд туслах сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-03 14:12:12

РОМ. /TASS/. Террорист “Лалын улс” байгууллагатай тэмцэх олон улсын эвсэл Ирак, Сирийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тогтворжуулалтын сан байгуулна гэж Италийн нийслэл Ром хотод болсон тус эвслийн “жижиг бүлгийн” 23 орны төлөөлөгчдийн зөвлөгөөний дараа хийсэн мэдэгдэлд дурджээ.

“Олон улсын хүмүүнлэгийн хуульд заасны дагуу болон “Лалын улс”-ын босогчдоос чөлөөлсөн бүсийг сэргээн босгох зорилгоор бид хүмүүсийг гэртээ харихад нь тусална. Яаралтай сэргээн босгох санд / Funding Facility for Immediate Stabilization/ хандив өргөсөн бүхэнд бид талархах болно. Мөн энэ байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэж баримт бичигт дурджээ.

Уг баримт бичигт дурдсанаар, “Иракийн 10 сая, Сирийн 17.8 сая иргэнд тусламж үзүүлэхэд тус тус 861 сая доллар болон 8.98 тэрбум доллар шаардлагатай”. Хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдээлэхдээ, АНУ болон бусад улс өөрсдийн оруулах хандивын хэмжээг Лондон хотод энэ сарын 4-нд болох Сирийн асуудлаарх бага хурлын үеэр зарлана гэжээ. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн “жижиг бүлгийн” 23 орны /Австрали, Бахрейн, Бельги, Их Британи, Дани, Египет, Герман, Иордан, Ирак, Испани, Итали, Канад, Катар, Кувейт, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, АНУ, Турк, Франц, Швед/ төлөөлөгчид тус бүлэглэлтэй бүх чиглэлээр, тухайлбал, террористуудын санхүүждэг сувгуудыг таслан зогсоох замаар тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлтаа өргөжүүлэх үүрэг хүлээснээ нотолжээ.

“Жижиг бүлгийн” дараагийн уулзалтыг хавар явуулахаар товлосон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ