Шинжаан-Уйгарын салан тусгаарлах үзэлтнүүдийн хоригдох хугацааг багасгажээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-02-03 13:35:28

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/ эрх баригчид “үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан” хэргээр ял шийтгүүлсэн салан тусгаарлах үзэлтэй 11 хүний  хоригдох хугацааг багасгажээ.

Долоон “аюултай гэмт этгээдэд” оноосон бүх насаар нь хорих ялыг ШУӨЗО-ы Дээд шүүхээс 19.5-20 жил хорих ял болгосон тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Тэд бүгд “Шинжаанд салган тусгаарлах үйл ажиллагаанд өдөөн турхирсан эсвэл террорист халдлагад оролцсон гол гэмт хэрэгтнүүд юм” гэж тус агентлагийн мэдээлэлд дурджээ. “Тэд Хятадын үндэсний аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан, мөн хүний амь нас, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан” гэж ШУӨЗО-ы  дээд шүүхийн дарга Мулалифу Убли мэдэгдсэн байна. 8, 13, 15 жил хориглох ял авсан үлдсэн дөрвөн хоригдлын ялын хугацааг хагас жилээр багасгасан байна. Тэдний нэг нь “Дорнод Туркестаны лалын шашинтнуудын хөдөлгөөн” болон террорист “Талибан” байгууллагатай нягт холбоотой байсан гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Афганистанд террористуудын дасгал сургуулилтын хуаран байгуулж, “Шинжаан-Уйгарын уугуул оршин суугчдыг террорист халдлагад бэлтгэж байсан нь” мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Хоригдлууд гэмшиж байгаагаа болон дахин террорист ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн нь ялыг хөнгөлөхөд нөлөөлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ