Хиллари Клинтон саналын маш бага зөрүүгээр ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-03 10:28:27

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Айова муж улсад даваа гарагт болсон нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд сенатч Берни Сандерсыг саналын маш бага зөрүүтэйгээр ялжээ. Хиллари 49.9 хувийн санал авсан бол 49.6 хувь нь Сандерст саналаа өгсөн байна.

Үнэн хэрэгтээ Клинтон, Сандерс хоёрын сонгогчдын саналын төлөөх өрсөлдөөн Айовад хэнийх нь ч хожилгүйгээр дууссан гэж хэлж болно. Ерөнхийдөө ийм үр дүн нь Хилларид ашиггүй бөгөөд ялангуяа 8 жилийн өмнө Айовад тухайн үедээ олны танил болоогүй байсан Барак Обамад ялагдаж байсны дараа тус муж улсад ялахад тэрбээр онцгой ач холбогдол өгч байсныг харгалзан үзвэл ийм үр дүн түүнд ашиггүй юм. Харин Сандерсын хувьд хоёрдугаар сарын 9-нд түүний төрөлх Вермонт муж улстай хиллэдэг Нью-Гэмпширт ялна гэдэгт бодитоор найдаж болно. Гэсэн хэдий ч Америкийн мэргэжилтнүүдийн ерөнхий дүгнэлтээс үзэхэд, Клинтон урьдын адил Ардчилсан намаас тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хэвээр байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ