Алтан төлийн эзэн Чандмань сумаас тодорлоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 13:44:24

Хүнс хөдөө аж ахуйн яам, Төрийн банк, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан шалгарчээ.

Тэрбээр тус аймгийн 9 дэх, сумынхаа хувьд анхны Алтан төлийн эзэн болж байгаа юм. Д.Доржравдан буянт малаа таван төрөл дээр өсгөн тэр дундаа тэнгэрийн хэмээх тэмээн сүргээс авсан төлөөрөө Алтан ботгоны эзэн болж байна.

Жил бүрийн сар шинийн баярын өмнө сум, аймаг, улсын сайчуудаа тодруулдаг. Тэр дундаа таван хошуу малаасаа авсан төлийнхээ тоогоор баг, сум, аймаг, улсдаа тэргүүлж алтан ботгоны эзэн болно гэдэг малч ухаант Доржравдангийн уйгагүй хөдөлмөрийн үр шим юм гэдгийг нутгийн удирдлагууд онцолж байлаа. Мөн энэ үеэр Алтан төлийн эзэн Доржравдангийн хүү Тогосоо Монголын залуучуудын холбооны “Тэргүүний малчин залуу” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан гээд олон шалгуур үзүүлэлтээр манлайлан “Алтан ботгоны эзэн болсон Д.Доржравдангийн шагналыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, ХХААГ-ын дарга З.Лувсан, Төрийн банкны Ховд дах салбарын захирал А.Батмөнх нар малчны хотонд нь очиж гардууллаа.

Малчин Д.Доржравдан нэгдэл нийгмийн үеэс тэмээн сүргийг голлон авч малласаар ирсэн ба өмч хувьчлалаар цөөн тооны тэмээ хувьд авч хөдөлмөрийнхөө хүчээр одоо 6 буур гаруй тэмээн сүрэг болох говьд зохицсон энэ амьтанг Жаргалант хайрхан, Бумбат хайрхан уулын ар хормой бэлээр адгууллан маллаж өдий тоо хэмжээнд хүргээд зогсохгүй аймгийн Мөнгөн ботгоны эзэн болж байснаа дурсан ярьж байсан юм.

Ийнхүү МҮОНР-ийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн уламжлал болгон явуулдаг Алтан төлийн эзэн Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багаас тодорлоо

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ