Дамаскт наад зах нь 50 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-01 09:34:33

ДАМАСК. /NHK/. Сирийн нийслэл Дамаск хотын захад байрладаг лалын шиитүүдийн сүмийн ойролцоо гурван удаа бөмбөг дэлбэрсний улмаас наад зах нь 50 хүн амиа алдаж, 100 хүн шархадсан байна.

Ням гарагт автобусны зогсоолд тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрсэн бөгөөд аврагчид ирэх үеэр хоёр амиа золиослогч дахин бөмбөгөө дэлбэлжээ.

Сири болон бусад орны шиитүүд ирж мөргөлөө үйлддэг уг сүмийн ойролцоох газрын аюулгүй байдлыг сайтар хангасан байсан боловч халдлага болсон байна.

“Лалын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээгээд, Дамаск хот дахь шиит дайчдын хамгийн чухал түшиц газарт цохилт өгснөө мэдэгджээ.

Сирийн иргэний дайныг зогсоох энхийн хэлэлцээ Женевт болж байгаа билээ. Гэвч Сирид амиа алдаж байгаа энгийн иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Сөрөг хүчин болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаагаа Сирийн Засгийн газрын хүчин нэмэгдүүлж байгаа бөгөөд уг ажиллагаанд ОХУ дэмжлэг үзүүлж байгаа билээ. Үүний хариуд “Лалын улс” бүлэглэл амиа золиослох халдлага үйлдэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ