ХҮII жарны "Муу нүүрт" гал бичин жил залууст амгалан, нялхас, өвгөдөд хатуу байх нь
МОНГОЛЫН МЭДЭЭХаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 9-ний өдөр тохиож буй.
XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилд манай улсын нийгэм, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг, эрүүл мэндийн байдал хэрхэн буусан талаар монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэнтэй уулзаж ярилцав.
-Жилийн ерөнхий төлвийг гаргах зурхайн зурлагад ирэх бичин жил хэрхэн бууж байна вэ. Шороон үхрийн шинжээр тодорхойлоход жилийн өнгө ноён, нуруу ямар байх бол?
-Зурхайн ухаан гэдэг бол од, эрхсийн байгаль, хүн, амьтанд үзүүлж байгаа нөлөөллийг судалдаг буддын шашны 10 ухааны нэг. Жил жилийн цаг тооны бичгийг зохиохдоо хаврын урь орсон өдөр хэмээх 24 улирлын тохиолыг олдог. Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан, зүүн тийш сүүлээ шарвасан байна. Үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна.
Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Зурлагад улаан өнгө буюу гал мах бодь давамгайлахаар ган гачиг, цагаан өнгө нь цас, хяруу, мөндөр орохын дохио юм. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гантай жил болохоор байна. Үр тариа чухаг гэхээр газар тариаландаа анхаарах хэрэгтэй.
-12 жилийг зөөлөн, хатуугаар ялган тодотгодог. Ирж буй бичин жилийн тодотгол нь “Муу нүүрт” гэсэн байх юм. Үүний учрыг тайлбарлахгүй юу?
-Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байна. Тэгэхээр хүмүүс энэ нэрэнд нь ач холбогдол өгөөд “муу жил болно” гэж ойлгоод байгаа юм. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө л гал бичин жилийн оноосон нэр нь учраас онцгой, муу утга агуулаагүй.
-Энэ жил манай улсад гадаад болон дотоодын олон чухал үйл явдал болно. Гал бичин жилд Монголын нийгмийн байдал ямар байх бол?
-Тухайн жил ямар болох нь хүн бүрээс хамаардаг. Өөрөөр хэлбэл нийгмийн байдал ямар байх нь Монголын гурван сая ард түмнээс шалтгаална. Хүмүүсийн бие, хэл, сэтгэлээрээ хийсэн үйлээс бүх зүйл хамаарна. Бид эвтэй найрамдалтай, зөв бодолтой байх юм бол ямар ч бэрхшээлийг даваад гарна. Хүн бүр өөрөө хянамгай, ажил үйлсээ сайн төлөвлөх хэрэгтэй.
-“Бичин жилд зуд болдог” гэсэн хүмүүсийн ам дамжсан яриа бий. Гэтэл бичин жил одоо л гарах гэж байна?
-Хаврын урь орно гээд 24 улирлыг боддог аргачлал зурхайн ухаанд байдаг. Гал бичин жил ирэх хоёрдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Хүмүүс цас их орлоо, зуд болно гэж андуураад байна. Хонь жил дуусаагүй байна шүү дээ. Харин ирэх жилийн өвөл ямар байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ирэх жилийн цагаан сар хоёрдугаар сарын 27-нд гарна гэхээр өвлийн сар орой гарна.
-Мөн “бичин жилд хурим хийж болдоггүй” гэх юм?
-“Нүцгэн бичин жил гарч байна” гэсэн үгийг би өдөр бүр сонсч байна. Төрөх, өвдөх, өтлөх, үхэх нь үнэн гэсэн дөрвөн үнэн бий. Бичин жилд хүн төрж, үхэж болохгүй гэсэн зүйлгүй биз дээ. Үүнтэй л адил. Жил бүрт Дашням, Балжинням, Дүвжиртэй өдөр байдаг. Дүвжир гэдэг нь жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг. Тухайлбал, пүрэв гараг жил өдөртэй давхцахыг Пүрэвжалын Дүвжир гэдэг. Дүвжир өдрийг бүтээлийн барилдлагатай өдөр гэж монгол хэлнээ хөрвүүлдэг. Иймээс бичин жилд хурим хийж болно, үр хүүхдийнхээ даахийг ч үргээж болно. Хүмүүс бичин жилд бараг л нүүрээ угааж болохгүй гэх нь халаг байна. “Муу нүүрт” гэхээр нүүрээ угааж болохгүй гэж хэлж болохгүй шүү дээ.
-Зурхайн ухаанаар байгалийн сонин, содон үзэгдлийг тайлдаг. Энэ жил нар, сарны хиртэлт хэр олон болох бол?
-2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарын цагаар 9.57 минутад нар бүтэн хиртэнэ. Гэхдээ энэ нь манай улсад харагдахгүй. Мөн гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 17.39 минутад сарны сүүмгэр хиртэлт эхлэн 21.55 минутад дуусна. Манай улсын нутгаас байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатарын цагаар 17.07 минутад нар цагирган хиртэнэ. Гэхдээ энэ үзэгдэл манай улсын нутагт харагдахгүй. Ер нь энэ жил нарны цагирган хиртэлт хоёр удаа болно. Сар сүүмгэр байдлаар гурван удаа хиртэнэ.
-Хэдхэн хоногийн дараа шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?
-Монголчууд бид түүхээрээ цаг улирлыг даваад ирсэн ард түмэн. Хамгийн түрүүнд эв эеэ хичээгээрэй. Монголчууддаа өвчин зовлонгүй, барцад саадгүй, санасан хэрэг нь номын ёсчлон бүтэж байх, сар шинэдээ сайхан шинэлэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр