Улсын сайн малчинд 6 малчныг уламжлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-21 11:31:57

Мал аж ахуйн салбарт тогтвортой амжилт гарган хөдөлмөрлөж байгаа малчдыг тодруулан өргөмжилдөг Улсын сайн малчны цол тэмдэгт энэ жил Дундговь аймгаас 6 малчныг уламжлахаар аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан байна.

Үүнд Өлзийт сумын тэмээчин Б. Насан, Эрдэнэдалай сумын малчин Т. Мөнхбат, Говь- Угтаал сумын Б. Нямсүрэн, Сайхан- Овоогийн Г. Баатарчулуун, Гурвансайханы Ц. Бүд, Өндөршил сумын И.Сумъяа нарын мянгаас дээш толгой мал тоолуулж, мал аж ахуйн салбарын хөгжил, сум орон нутгийнхаа нийгэм эдийн өсөлтөд хувь нэмэр оруулж яваа тэргүүний малчид багтжээ.

Тухайбал, Өлзийт сумын тэмээчин Б. Насан 600 гаруй тэмээтэй, тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлэн, тэмээн сүргийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж яваа бол Эрдэнэдалай сумын малчин Т. Мөнхбат мал сүргээ 2600 гаруйд хүргэн өсгөж, мал цөөтэй болон малгүй олон иргэнийг малжуулж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад багагүй хувь оруулж яваа малчдын нэг байна.

Энэ мэтээр улсын сайн малчны шалгуур үзүүлэлтэд бүрэн нийцсэн дээрхи зургаан малчныг хөхөгчин хонин жилийн Улсын сайн малчинд уламжлахаар боллоо.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ