Хятад, Саудын Арабын харилцаа улам бэхжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-21 08:18:26

БЭЭЖИН. /NHK/. Хятад, Саудын Арабын удирдагч нар эрчим хүч, дэд бүтцийн салбарт, тэрчлэн терроризмтой тэмцэх талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцов.

Ерөнхийлөгч Си Зиньпин Ойрхи Дорнодын орнуудад хийх айлчлалын хүрээнд Саудын Араб улсад мягмар гарагт хүрэлцэн очсон тухай Хятадын Синхуа агентлаг мэдээллээ. Си Зиньпинийг Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз хүлээн авч, хоёр удирдагч дээд хэмжээний хэлэлцээ хийжээ.

Тэд хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, улам бүр унасаар байгаа нефтийн үнийг тогтворжуулах нь чухлыг тэмдэглэв. Саудын Араб бол Хятад улсын хамгийн том нефть нийлүүлэгч юм.  Тэд мөн Ази, Европыг холбосон эдийн засгийн бүс бий болгох зорилгоор Хятадын санал болгож буй "Бүс ба зам" санаачилгыг дэмжихээ илэрхийлжээ. Саудын Араб дэд бүтэц болон аж үйлдвэрийн янз бүрийн салбараа шинэчлэхэд Хятад улс дэмжиж тусална.

Хоёр удирдагч лалын террорист бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд хамтран ажиллахаар санал нэгдсэний сацуу дайны хөлд нэрвэгдсэн Сири, Йемений байдлыг хэлэлцлээ. 
Си Зиньпиний айлчлал нь Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах үүргээ биелүүллээ гэж АНУ Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцласны  дараа болж байна. Саудын Араб уг шийдвэрээс болгоомжилж байгаа юм.
Энэ айлчлалыг Ойрхи Дорнодын тогтвортой байдалд Хятад улсын оролцоог тодотгох, АНУ-аас гадна Хятад дэлхийн шинэ хүчирхэг улс болохыг давхар харуулж буйг ажиглагчид тэмдэглэж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ