"Рио-2016" наадам Бразилд хөрөнгө оруулалт татахад тусална гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-20 11:20:08

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Гүн хямралд автаад байгаа энэ үед “Рио-2016” олимпын наадам Бразилд гадаадын хөрөнгө оруулалт татахад тус болно гэж найдаж байгаагаа тус улсын Аялал, жуулчлалын сайд Энрике Эдуардо Алвес илэрхийлэв.

“Рио-2016” наадмыг зохион байгуулахын тулд Бразил 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь Рио-Де-Жанейро хотод бодит хөрөнгө болж үлдэн, Бразил рүү илүү олон жуулчин татах ёстой гэж тэрбээр Мадрид хотод болсон Олон улсын аялал, жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.

Бразилын оруулсан хөрөнгийн 15 хувь нь спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд орсон бол үлдсэн нь Рио-Де-Жанейро хотод хөрөнгө болж үлдэх бүтцэд орсон гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Бразилын аялал, жуулчлалын салбар хөгжих асар их боломжтой бөгөөд үүнийг хөгжүүлэх салбаруудын нэг болгоно гэж мэдэгдсэн байна.

“Жилд дотоодын 70 сая, гадаадын зургаан сая жуулчин Бразилаар аялдаг нь хангалтгүй тоо юм. Энэ нь Эйфелийн цамхгийг үзэхээр очсон хүмүүсийн тоотой адил үзүүлэлт” гэж Алвес мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ