Германы Канцлер Ангела Меркель Иранд айлчилна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-19 08:03:11

ТЕГЕРАН. /IRNA/. Германы Канцлер Ангела Меркель ойрын ирээдүйд Иранд айлчилна гэж тус улсын Худалдааны танхимын тэргүүн Мохсен Жалалпур өчигдөр мэдэгдэв.

Мохсен Жалалпур Германы Эдийн засаг, эрчим хүчний яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Бриджит Ципристэй уулзах үеэрээ, янз бүрийн салбарт хамтран ажиллаж байсан түүх Иран, Германд бий бөгөөд Иранд авсан хориг арга хэмжээ цуцлагдсанаар хоёр улс харилцаагаа, тухайлбал, байгаль орчин, эмийн салбарт өргөжүүлж болно гэж мэдэгдсэн байна.

Германы эдийн засгийн өдөрлөгийг Иранд зохион байгуулахыг тэрбээр уриалаад, Иранд авсан хууль бус хориг арга хэмжээг цуцалсны дараа бий болсон боломжуудыг хоёр улс ашиглаж болох юм гэж мэдэгджээ.

Харин Брижит Циприс Германы 40 хөрөнгө оруулагч Иранд ирээд байгаа тухай дурдаад, Иран нефтийн бус, цэвэр эрчим хүчний салбарт нэвтрэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

“Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсний маргааш нь Германы 40 хөрөнгө оруулагч Иранд ирнэ гэдэг эерэг алхам бөгөөд дэлхийн эдийн засагт Иран дахин холбогдож, эдийн засгаа цэцэглэн хөгжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ