УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-13 16:52:19

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, "Үе үеийн Улсын Их Хурлын удирдлагууд,

Улсын Бага Хурлын гишүүд,

Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

25 жилийн өмнө яг энэ өдөр буюу 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд андгай тангарагаа өргөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэхүү ойг тохиолдуулан Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж, Улсын Бага Хурлын гишүүд биднийг урин оролцуулж байгаад Улсын Бага Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс Улсын Их Хурлын дарга Танд талархал илэрхийлье.

Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах төрийн эрх барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон түүхтэй. Тиймээс Улсын Бага Хурал ард түмний сонголт болсон 1990 оны ардчилсан ололтыг хууль эрх зүйн хувьд нэн тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан юм. Энэ нь хувь хүний эрх чөлөөг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн харилцааны анхлах зохицуулалтуудыг хийх, улс төрийн харилцааны шинэ төлөвлшлийг бий болгох ийм эрх зүйн зохицуулалтууд бидний чиг үүрэг байсан. Энэ дагуу бидний үйл ажиллагаа ирээдүйд батлагдах Монголын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны угтвар болгон хийгдэж байсан түүхтэй.

Улсын Бага Хурлын үндсэн үүрэг бол Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан, ард нийтээр хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах чиг үүрэгтэй байсан. Улсын Бага Хурлын гишүүд энэ үүргийг хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Өнөөдөр бидний дунд байхгүй ч алд биеэ алжаан байж энэ их ажлаа хийж ирсэн нөхдөө бид мартахгүй. Түүх тэднийг минь мартахгүй.

Чухамхүү ийм үүрэг хүлээсэн болохоор, ийм дуудлага, даалгаварыг хүлээн авсан учраас бидний ажиллагаа бас өвөрмөц байсан гэдгийг онцолж хэлмээр байна.

Яг энэ өдөр бид дэгийнхээ хуулийг баталж, дэгийнхээ хуулийн дагуу ажилласан. Гэхдээ бидний ажиллагааг дэг жолоодоогүй, бидний ажиллагааг бидний сэтгэл жолоодсон. Аливаа асуудал дээр зөвшилцөлийг бий болгох тэр зүйлийг тухайн хуралдаан дээрээ дэг журмаараа тогтоож байсан. Энэ бол дэгээр тогтоохоос гадна чухам өөрсдийнхөө тухайн асуудал, тухайн нөхцөл байдалдаа тохируулан зөвшилцөл, ойлголцолыг бий болгох механизмыг бидний үйл ажиллагааны гол дэг хэмээн баримтлан ажиллаж ирсэн гэдгийг онцлог болгон дурдаж хэлмээр байна.

Улсын Бага Хурал 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлагдсаны дараагаар Үндсэн хуулийн хавсралтын тухай хуулийг оруулан батлуулж үүгээрээ УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тийм учраас Улсын Бага Хурал бол Улсын Их Хурлын бүрэн эрхийг шилжүүлэн уламжлуулан хэрэглэж ирсэн гэдэг онцлогийг хэлмээр байна. Ингээд Улсын Бага Хурал 5 жилийн бүрэн эрхийн хугацаагаар сонгогдсон юм. Бүрэн эрх гэдэг бол үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлэхийн тулд зайлшгүй хангагдах эрхтэйгээр ажиллах гэдэг ойлголттой байсан учраас үүргээ биелүүллээ. Анхны ардчилал, зах зээлийн харилцааны сууриудыг тавьлаа. Үндсэн хуулиа батллууллаа. Бид үүргээ хэрэгжүүллээ. Тийм учраас бид 5 жилийн эрхээ эдлэх гэж зүтгэхгүйээ гэж. Яагаад гэвэл үүргээ их ногдуул гэж бидэнд өгсөн учраас бид энэ эрхээ дараагийн Их Хуралд нь шилжүүлэх ёстой. Ингэж эцэг парламентын хувьд дараагийн Их Хурлын хуулийг баталж, сонгуулийг баталж, үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж өгсөн ийм түүхтэй юм. Би энэ болгоныг хэлэхдээ Бага Хурлыг онцолж хэлж байгаа зүйл биш. Үе үеийн парламент ийм л зарчимтай, ийм л сэтгэлтэй, ийм л мандат буюу үүрэгтэй ажиллаж ирсэн цаашдаа ч ажиллах болно гэж боддогийнхоо хувьд жишээ болгож хэлж байгаа гэдгийг онцолмоор байна.

Нэг зүйлийг бас онцолж хэлье гэж бодсон юм. Улсын Их Хурлаас мал хувьчлах тухай шийдвэрийг гаргаж, иргэд өөрийн гэсэн малтай болсон. Үндсэн хуульд мал бол Монгол Улсын баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт орсон. Үүнийг яагаад энэ өдөр дурдаж байна вэ гэхээр, Улсын Бага Хурал төрт ёсныхоо түүхэн уламжлалыг салган авч хэрэгжүүлсэн төдийгүй соёл иргэншлээ хадгалж үлдэх, алдагдаж болзошгүй ирмэг дээр байсан тэр соёл иргэншлээ цааш нь баталгаажуулах суурийг бий болгосон гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин соёл иргэншлийг хадгалж ирсэн монгол уламжлал болох мал нь эзэнтэй болж, малчид нь малтай болж нүүдэлчин орныхоо хэв шинж, уламжлалт соёлыг шинэ үедээ авч гарсан нь энэ өнөөдөр бидний бахархал, түүхэнд бидний бахархаж хэлж болох зүйл байлаа. Үндсэн хуулийн тэр заалт бол үнэндээ малыг төрийн хамгаалалтад авсан асуудал биш, монголчуудын нүүдэлчин соёл үеийн үед уламжлагдах ёстой гэсэн том үзэл санаа гэдгийг энд онцолж хэлэхийг хүслээ.

Би монгол хүн бүрийнхээ сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, үе үеийн парламент, парламентчид сэтгэл, итгэлийнхээ нэгдлээр ухаанаа уралдуулж, үгүйсгэлийн биш үргэлжлэлийн бодлогоор авч яваасай, авч явах болно хэмээн ерөөж явдаг. Энэ ерөөл бат сайхан оршиг. Монголын үе үеийн парламент монгол түмнийхээ бүрэн эрхийг төлөөлөн байж, тэднийхээ төлөө сайн сайхан бүхнийг бүтээж байх ерөөл орших болтугай" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд