С.Цэрэнчимэд дэлхийн хошой, Б.Номин алтан медалийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-12 10:36:38

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ 4 дэх өдрөө үргэлжилж өчигдөр эмэгтэй дэлхийн хошой аваргатай болсон манай бөхчүүд энэ өдөр урамтай сайхан барилдаж гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хошой, ОУХМ Б.Номин анхныхаа алтан медалийн төлөө барилдаанд шалгараад байна.

Эрэгчүүдийн 61 кг-д ОУХМ Батболдын Номин нэгдүгээр тойрогт уржнан жилийн ДАШТ-нд хүрэл медалийн төлөө барилдаанд манай бөх Э.Ням-Очирыг ялж байсан Энэтхэгийн бөх Бажрангийг 6:0, 4:0 онооны харьцаагаар төвөггүй хожиж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Рис Хамфритэй нутгийн дэвжээн дээр нь маш ширүүн барилдаан хийж 2:0, 0:4 онооны харьцаагаар өвдөг шороодуулж гуравдугаар тойрогт Гүржийн бөх Бэка Ломтазетэй барилдаж эхний үеийг 4:4 онооны харьцаагаар дуусгаж гар зөрүүлэн хөлд орох, хариу мушгих мэх хийсээр 6:1 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө хоёрдугаар тойрогт Оросын бөх А.Богомоевийг ялсан Украиний бөх Василь Шуптартай өрсөлдөж мушгих, хөмрөх, хөлд орох, дэвжээтэй шахах мэхийг хийж 3:2, 8:3 онооны харьцаагаар урамтай хожиж алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны бөх Ажи Алиевтай барилдахаар боллоо. Энэ жинд хүрэл медалийн төлөө украиний бөх Василь Шуптарь, энэтхэгийн бөх Бажранг хоёр, болгарын бөх Владимир Владимиров Дубов, японы бөх Масаказу Камой нар өрсөлдөнө.

86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт Польшийн бөх Радослав Марсинкиетэй таарч 2:3 онооны харьцаагаар ялагдаж яваад барилдаан дуусах мөчид шийдсэн дайралт хийж өрсөлдөгчөө унагаж цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Даниур Кобонов эмчийн магадлагаагаар дэвжээнд гарч ирээгүй учир ялалт авч гуравдугаар тойрогт оросын бөх Абдулрашид Садулаевтай таарч 0:10 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд Японы бөх Ацуши Мацумотог 5:4 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга, Болгарын бөх Михаил Петров Ганевтай олимпийн эрхий төлөө барилдаж 0:11 онооны харьцаагаар дийлджээ. Энэ жинд алтан медалийн төлөө оросын бөх, дэлхийн аварга Абдулрашид Садулаев, ДАШТ-ний хүрэл медальт, туркийн бөх Селим Яшар-Кортоев, хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Магомедгажи Хатиев, Гүржийн бөх Сандро Аминашвили хоёр, Ираны бөх, залуучуудын дэлхийн аварга Алиреза Карими, дэлхийн аварга, болгарын бөх Михаил Петров Ганев нар өрсөлдөхөөр шалгарчээ. 

97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Туркийн бөх Ибрагим Болукбашитай барилдахдаа баруун хөлөө алдаж оноо алдсаар 0:4, 1:4 онооны харьцаагаар хожигдсон. Туркийн бөх гуравдугаар тойрогт ираны бөх А.Таханд 2:12 онооны харьцаагаар дийлдэж манай бөхөд цааш барилдах боломжгүй болов. Энэ жинд алтан медалийн төлөө оросын бөх Абдусалам Гадисов, АНУ-ын бөх Кайл Шнайдер, хүрэл медалийн төлөө украиний бөх Павло Олейник, ираны бөх Аббас Тахан хоёр, азербайжаны бөх Хетаг Газюмов, гүржийн бөх Элизбар Одиказе нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Шинэ Зеландын бөх Талиа Фордтой таарч хөлд нь явж өргөн цацаж гаргадаг дархан мэхээ хийсээр 4:4, 8:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Хятадын бөх Язан Сунтай барилдахдаа зүүн хөлд орж баруун хөлийг алдалж ард нь гарах, өмсөх мэх хийж илүүрхэн 10:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө Болгарын бөх Филипова Манолова үүрэх мэх хийж түүнийгээ үргэлжлүүлэн цэвэр ялсан. ДАШТ-ний хоёр дахь алтан медалийн төлөө Украины бөх Оксанатай Гергельтэй барилдана. Уг жинд хүрэл медалийн төлөө болгарын бөх Филипова Манолова, хятадын бөх Язан Сун хоёр, АНУ-ын бөх Эвэлин Жанес, Азербайжаны бөх Ирина Петровна Нетреба нар өрсөлдөнө.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд