“Лалын улс”-ын командлагчдын нэг шархадсаныг нотолж чадахгүй байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-08 10:28:00

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн командлагчдын нэг болох Абу Мохаммед аль-Аднани Иракийн Анбар мужид агаараас цохилт өгөх үеэр шархадсан гэх мэдээллийг Пентагон нотолж чадахгүй байна.

“Бид энэ мэдээллийг хэвлэлүүдээс үзсэн, гэхдээ бид нотолж чадахгүй” гэж Пентагоны төлөөлөгч, хошууч Рожер Кэбинесс хэлжээ.

Агаарын цохилт өгөх үеэр аль-Аднани шархадсан гэж Иракийн цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн байна. Францын нийслэл Парист үйлдсэн халдлагыг тус хотын дагуул Сен-Дени хотод тусгай ажиллагаа явуулж устгасан Абдельхамид Абауд бус харин Абу Мохаммед аль-Аднани зохион байгуулсан гэж үзэж байгаагаа эрүүгийн хэргийн зарим шинжээч урьд нь хэлж байв.

Их Британийн “Sunday Times” сонинд барууны тусгай албадын удирдлагуудын мэдээллээс иш татан бичсэнээр, АНУ-ын эрх баригчдын олон улсын террористуудын жагсаалтад оруулсан аль-Аднани нь Иракт дайнд оролцож байсан туршлагатай бөгөөд Франц, Их Британи, Герман, Итали, Бельги гэсэн таван улс дахь “Лалын улс”-ын сүлжээнүүдийг хариуцдаг байна.  

Д.Жаргал

Холбоотой мэдээ