Обамагийн бодлогыг Бүгд найрамдах намынхан шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-07 10:57:27

ВАШИНГТОН. /Yonhap/. Устөрөгчийн бөмбөгийг анх удаа амжилттай туршсан тухайгаа Умард Солонгос мэдэгдэж, дэлхий нийтийг цочирдуулсны дараа тус коммунист улсын талаар баримталж буй Ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогыг “бүтэлгүйтэл” гэж АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүд шүүмжилжээ.

“Обамагийн Засгийн газрын Умард Солонгосын бодлого илэрхий бүтэлгүйтсэн нь нотлогдлоо, бидэнд шинэ арга зам хэрэгтэй байна” гэж АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны дарга Эд Ройс мэдэгдсэн байна.

“Ким Жөн Ун шиг дарангуйлагчид амсхийдэггүй юм, АНУ өөр тийш харахад тэд байдлыг өөрт ашигтайгаар эргүүлдэг. Хориг арга хэмжээг нь цуцалсны дараа хэдэн тэрбумыг олохоор Иран бэлдэж байх зуур Обамагийн Засгийн газрыг ингэж сүрдүүлж болно гэж Умард Солонгос бодож байна” гэж Ройс хэлжээ.

Пхеньянд улам бүр хүчтэй дарамт шахалт үзүүлэхийг Ройс уриалав.

2006, 2009, 2013 онд гурван удаа цөмийн туршилт хийсэн Умард Солонгос хамгийн сүүлд 4 дэх туршилтаа хийсэн юм. Дөрвөн туршилтын 3-ыг Обамаг Ерөнхийлөгч байхад хийсэн байна. Ойрхи Дорнодын асуудалд санаа тавьж, Умард Солонгосын цөмийн асуудлыг орхигдуулсан гэж Обамагийн Засгийн газрыг буруушаажээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ