Цэргийн насны залуусын 70 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:27:35

2015 онд Өвөрхангай аймгийн  цэргийн насны залуучуудын 2741 буюу  30,8 хувь нь цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ба тэдгээрийн 72 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн татлагаас түр чөлөөлөгдсөн  байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албаас хасагдсан залуус дунджаар 72 хувьтай байна. Харин улсын дундаж 38,6 хувьтай байгаа аж.

Цэргийн насны залуучуудын дунд хоол боловсруулах эрхтний, арьс ба халимны өвчин, осол гэмтэл, мэдрэл, цусны эргэлтийн тогтолцоо, нүд ба дайврын өвчин зонхилж байна. Түүнчлэн нийт хүн амын дундах бэлгийн замаар дамжих халдварын өвчлөлийн 40 гаруй хувь нь тухайн насны залуусын дунд байгаа бол тэдэнд амиа хорлолт, зам тээврийн осол, бусад осол гэмтэл, өвчлөлөөс шалтгаалан нас барах явдал их байгаа гэх судалгаа гарчээ.

Мөн 18-25 насны залуусын дунд эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн тархдалт өндөр буюу  архи, тамхи хэрэглэх явдад түгээмэл байна. 2015 онд зарласан “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэгт нийт цэргийн насны залуучуудын 4,3 хувь нь хамрагджээ. Энэ тухай аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд цэргийн нас буюу 18-25 насны  8896 залуус байгаа нь нийт хүн амын 7,8 хувийг эзэлж байгаа юм.

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс 18-25 насны залуучуудын дунд эрүүл зан үйлийн мэдлэг, хандлага сул, өөрийгөө эмчлэн эрүүлжүүлэх тал дээр дутагдалтай, ослын шалтгаант нас баралт тэр  дундаа амиа  хорлох  тохиолдол  ихсэх хандлагатай байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Цаашид “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг сайжруулах” аймгийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хороо байгуулан, идэвхитэй ажиллах, цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг, оношилгоог багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн тогтоох шаардлагатай байгааг аймгийн ИТХ-д уламжлаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ