ЦЕГ шилдгүүдээ тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-31 10:20:42

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн салбарт амжилт, үр бүтээл гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг төр засгийн шагналаар шагналаа.

Мөн ЦЕГ эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан 10 алба хаагчийг “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар, 13 алба хаагчийг “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар, 3 алба хаагчийг “Оны онцлох алба хаагч”-аар тус тус шалгаруулж шагналыг гардууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын дарга, Тэргүүн Комиссар Р.Чингис алба хаагч нартаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Цагдаагийн байгууллага 2015 онд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилласан. Дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн ихээхэн хүчин чармайлт, идэвх зүтгэл гарган ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 2015 онд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ажлын үр дүн, ахиц дэвшил, нааштай хандлагууд гарсныг тэмдэглэж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндхэн байгаа боловч олны сэтгэлийг түгшээсэн олон ноцтой, онц хүнд гэмт хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлсэнийг онцлон тэмдэглээд, байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослоос бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалж мэргэжлийн ур чадвар гарган ажилласан олон алба хаагчдаараа бахархаж байна гэлээ.

 

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ