“Hyosung” корпораци Монголын Засгийн газартай санамж бичиг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-21 16:49:50

СӨҮЛ. /Businesskorea/. Өмнөд Солонгосын “Hyosung” корпораци Монголд цахилгаан түгээх сүлжээ барьж өгөхөөр болсон байна.

Тус компани Монголын Засгийн газартай 120.29 сая долларын санамж бичиг байгуулжээ. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотын "Шангри-Ла" зочид буудалд болсонд Монголын Эрчим хүчний сайд Д.Зоригт болон “Hyosung” корпорацийн дэд дарга Ли Сан-вон оролцсон байна. Уг санамж бичгийн хүрээнд 220 кВ-ын хоёр дэд станц, 315 км урт цахилгаан дамжуулах шугам тавих, дамжуулах 975 цамхаг барих ажээ.

“Hyosung” корпораци энэ санамж бичгийг байгуулснаар Монголын эрчим хүчний дэд бүтцийн зах зээлд хөл тавьсан Өмнөд Солонгосын анхны компани болж байна.

Монголын зүүн нутгийн Өндөрхаан хотоос Чойбалсан хот хүртэлх цахилгаан дамжуулах шугам болон хоёр дэд станцын ажлыг 2018 онд багтаан дуусгаж, Монголын эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал болон хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

Байгалийн баялаг болон гадаадын хөрөнгө оруулалтын ачаар Монголын зах зээл эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт нь жилд 10 гаруй хувьтай байна гэж үзжээ. Монгол нүүрс, уран, нар, салхины гээд эрчим хүчний эх үүсвэр асар ихтэй боловч цахилгааны технологи, дэд бүтэц дутмаг учраас тус улсын эрчим хүчний салбарын хөгжил ерөнхийдөө буурай юм. Тиймээс тус улсад нийгмийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай.

Ингэхийн тулд “Hyosung” компани дотоодын үйлдвэрлэлдээ анх удаа үйлдвэрлэл, арилжаандаа амжилт гаргасан, эрчим хүчний тогтвортой, үр ашигтай хангамжид зориулсан эрчим хүч хадгалах системийн технологиудын нэг болох авто трансформатор ашиглан Монголын цахилгааны алдагдлыг бууруулж, эрчим хүчний нийлүүлэлт болон эрэлтийг тэнцвэржүүлнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ