"Оюутолгой"-н санхүүжилтийн гэрээг байгуулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-21 16:10:38

ЛОНДОН. /Yourminingnews/. Уул уурхайн салбар дахь хамгийн том ордуудын нэг Монголын “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг байгууллаа. Дэлхийн зээл олгогч байгууллагуудын өндөр чанартай синдикатаар баталгаажуулсан уг санхүүжилт Монголын болон тус улсын төслүүдэд зах зээлийн дэмжлэг үзүүлж, итгэл төрүүлсэн үйл явдал болсон юм.

Уг чухал алхмыг хийхэд энэ онд байгуулсан хамтын ажиллагааны түншлэл хөшүүрэг болсон бөгөөд энэ санхүүжилт “Оюутолгой” төслийн ирээдүйн амжилтад сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замыг тавьсан юм. Гадаад хөрөнгө оруулагчидтай харилцах, стратегийн ордуудаа удирдан залах туршлагыг Монголын Засгийн газар хуримтлуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад нийцсэн хөрөнгө оруулалтын орчин бий болгохоо амласан билээ.

“Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг хийснээр, тус ордын нийт нөөцийн үлдсэн 80 хувийг ашиглах боломжтой болно. “Оюутолгой” орд Монголын эдийн засагт асар их түлхэц болж, тус улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх Засгийн газрын хүчин чармайлтад чухал үүрэгтэй.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ